Өнөөдөр бөхийн барилдааны 1-3-ын даваа үргэлжлээд завсарлах юм. Энэ удаагийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Б.Соронзонболд тэргүүтэй нийт 224 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Тодруулбал улсын арслан нэг, улсын заан гурав, улсын харцага зургаа, улсын начин цолтой 17 бөх зодоглож байна.

Түүнчлэн Итали, Тува зэрэг гаднын орноос төлөөлөгчид оролцож, нэгийн даваанд гарчээ.

Улсын цолтнуудаас нэгийн даваанд улсын начин Э.Ванданцэрэн сумын заан А.Амарсайханд, улсын начин Б.Баянмөнх сумын заан Б.Баярмагнайд өвдөг шороодов.

Даншиг наадмын сур харвааны төрөлд нийт 810 харваач цэц мэргэнээ сорьж байна. Тодруулбал эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрын төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.

Сурын харваанд Монгол Улсын Дархан мэргэн цолтон гурав, Даяар дуурсах мэргэн гурав, Даян мэргэн тав, Улсын мэргэн 16, бусад улсын цолтой 44 харваач оролцохоор бүртгүүлжээ.