Лхагва гарагт Английн багийн эсрэг тоглолтод Аргентины шигшээ баг үндсэн цагаан, цэнхэр хосолсон өмсгөлөө биш, хар хөх өнгөтэй зочин багийн өмсгөлтэйгөө оролцохоор болжээ.

Тэд энэ тэмцээний турш зөвхөн Йорданы багийн эсрэг хэсгийн шатны тоглолтдоо энэ өмсгөлтэй талбайд гарч байсан юм.

Зарим хэвлэлүүд Аргентинчууд хар хөх өмсгөлтэй хагас шигшээ шатанд тоглохоор болсныг мухар сүсэгтэй холбоотой байж магадгүй хэмээн бичиж байна.

Тухайлбал тэд 1986, 1998 онуудын ДАШТ-д Английг хожихдоо ийм өмсгөлтэй тоглож байжээ. Тухайлбал 1986 оны ДАШТ-ий домогт Диего Марадонагийн “Бурхны гар”-тай шөвгийн наймын тоглолтод Аргентинчууд 2:1 харьцаагаар Английн багийг буулгаж байсан юм.

1998 онд Франц улсад болсон ДАШТ-д мөн энэ өмсгөлтэйгөө Английн багийг торгуулийн цохилтоор хожиж байжээ.

Харин 2002 онд Японд болсон ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтод улаан өнгийн өмсгөлтэй Английн шигшээд үндсэн цагаан, хөх хосолсон өмсгөлтэй Аргентины баг 1:0 харьцаатай хожигдож байв.

FIFA баг бүрийн өмсгөлийн сонголтыг хүлээн зөвшөөрдөг ч ялгарахааргүй өнгөтэй болсон тохиолдолд хөндлөнгөөс оролцдог.

Тухайлбал өнгөний харалган үзэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд багуудыг аль болох бараан болон цайвар өмсгөлтэй тоглуулахыг хичээдэг юм.

Энэ дүрмийн дагуу ирэх тоглолтод Английн шигшээ баг үндсэн цагаан өмсгөлтэйгөө талбайд гарахаар болсон бол Аргентинчууд хоёр дахь сонголт болох хар хөх өмсгөлтэйгөө гарахаар болжээ.

Английн шигшээ баг Ням гарагт Норвегийн багийг 2:1 харьцаатай хожиж, Аргентины баг Швейцарын багийг 3:1 харьцаатай хожиж хагас шигшээ шатанд шалгарсан юм.