Тус компанийн төлөвлөгөө Уолл Стритийн түүхэнд хамгийн том IPO болох бөгөөд ирэх сард SPCX гэсэн тэмдэг дор хөрөнгийн зах зээлд хувьцаа нь арилжаалагдаж эхлэх гэнэ.

Ингэснээр дэлхийн хамгийн баян эрхэмд тооцогддог Илон Маск дэлхийн түүхэнд анхны их наядтан болох магадлалтай.

Учир нь SpaceX компанийн үнэлгээ $1.25 их наяд тул Маскийн эзэмшил $600 тэрбумаас багагүй хэмжээнд үнэлэгдэх юм.

Өнгөрсөн онд тус компани $18.6 тэрбумын орлоготой, $4.9 тэрбумын алдагдалтай ажилласан байна.

Үүнээс гадна $102 тэрбумын хөрөнгөтэй, $60.5 тэрбумын өртэй болох нь санхүүгийн бичиг баримтад тусгагджээ.

SpaceX компани бас Маскийн 2022 онд худалдаж авсан Твиттерийг (одоо Х гэдэг болсон) эзэмшдэг.

Илон Маскийн сансрын технологийн бизнесүүд амжилттай байгаа ч хиймэл оюуны салбарт хийсэн хөрөнгө оруулалт нь нэлээд саад бэрхшээлтэй байна.

xAI компанийн бүтээсэн Grok чатбот охид эмэгтэйчүүдийн бодит гэрэл зургийг хуурамч садар самуун контент болгон хувиргадаг гэх асуудлаар одоо шалгагдаж байгаа.

Энэ маргааны дараа Маск тус компанийг татан буулгаж, SpaceX-ийн дор хиймэл оюуны бизнесээ авч явахаар болсныг зарлаж байв.

Саяхан тэр бас OpenAI компанитай холбоотой шүүхийн маргаанд ялагдсан. Маск өөрийг нь олон сая доллар хандивласны дараа OpenAI ашгийн бус байгууллагаас бизнесийн байгууллага болон өөрчлөгдөж, анхны гэрээгээ зөрчсөн хэмээн компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг буруутгаж байв.

Шүүх Маскийг уг асуудлаар хэтэрхий оройтож буюу бараг арван жилийн дараа нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

OpenAI компани 2015 онд үүсгэн байгуулагдсан бол Маск 2024 онд нэхэмжлэлээ гаргаж байжээ.