"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны Бямба гарагт болох билээ. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар Тээврийн Цагдаагийн Хэлтсээс мэдээлэл өгсөн юм.
Энэ зарим замын хөдөлгөөнийг хязгаарладаг. Тухайлбал өглөөний 06:00 цагаас марафон болох замыг хэсэгчлэн хаах юм байна. Ингэснээр 07:00 цагаас - 19:00 цаг хүртэл шар зураасаар тэмдэглэгдсэн замыг бүрэн хаах тул иргэдийг замын хөдөлгөөнөө зохицуулж оролцохыг уриалав.
Хаагдсан замаар зөвхөн түргэн, цагдаа болон онцгой байдлын автомашин л замын хөдөлгөөнд оролцох эрхтэй аж.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Жил бүр болдог марафоны үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлээд хааж эхэлнэ. Нэгэнт хаагдсан замаар ямар нэгэн тээврийн хэрэгсэл явах боломжгүй.
Мөн цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед дээрх бүсэд нэвтрэхгүй. Үүнийг түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа долоон аж ахуйн байгууллагад мэдэгдсэн байгаа. Тиймээс иргэдэд ч бас зөвлөж хэлмээр байна. Ийм тээврийн хэрэгсэлтэй бүс рүү нэвтрэх тохиолдолд цагдаагийн албаныхан шаардлага тавина.
Өнгөрсөн жил Улаанбаатар марафоны үеэр цахилгаан мопед, суррон, цахилгаан дугуйгаас болоод 12 хүүхэд гэмтсэн" гэв.
"Уралдаанд оролцогчдын замд явган зорчигчид саад болох тохиолдол их гардаг"
Мөн Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын хэлтсийн дарга Л.Амармөрөн "Марафонд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад гарааны зурхайгаас маш олон иргэд зэрэг уралдаанд оролцоно. Тиймээс иргэд гараанаас гарахдаа аюулгүй байдалдаа анхаарах шаардлагатай. Хэт ойрхон шахалцах, даруулах гэх мэт олон эрсдэл гарч болзошгүй.
Түүнчлэн олон хүн цуглаж байгаа тул халаасны хулгайн гэмт хэрэг гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Марафоны үеэр бага насны хүүхдүүдээ их дагуулж ирдэг. Тиймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Өнгөрсөн жил 4-6 хүүхэд алга болсон тохиолдол гарч байв. Уралдааны замд явган зорчигчид зам сүлжих гэх мэтээр марафонд оролцогчдын замд их саад болдог. Тиймээс албан хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхийг иргэдээсээ хүсэж байна" гэлээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий