“Их-Орд” ажилчдын эрхийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн холбооноос ХАОАТ-т хязгаар тогтоосныг өөрчлөх тухай Ерөнхий сайд Н.Учралд өргөх бичиг барих мөн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайд өргөх бичиг барих тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайгаас дэмжлэг хүсэх тухай бичгийг товчлон хүргэвэл
"Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2024 оны хамтын гэрээ нь тус оны наймдугаар сараас эхлэн арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөр эцэслэгдэн талууд гарын үсэг зурж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хамтын гэрээнд ажилчны хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, спортын арга хэмжээ зохион байгуулах, эв нэгдлийг сайжруулах, фитнесийн тоног төхөөрөмж, ажлын орчныг сайжруулах шаардлагатай тоног төхөөрөмж авах заалтыг тус гэрээнд тусгасан байдаг.
"Их-Орд” үйлдвэрчний эвлэлээс гэрээний уг заалтыг шаардаж ажил олгогчтой уулзахад Төрийн хэмнэлтийн тухай хууль гээд төсөвт хэдий суулгасан ч төсвөөс хассан асуудал үүссэн тул уг хамтын гэрээг хэрэгжих боломжгүй байна. Иймд зохих арга хэмжээ авахыг хүсэж байна" гэжээ.
Энэ талаар тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Д.Мөнхжаргал "Төрийн хэмнэлтийн хуулийн гэхээр "тансаглал" гэх асуудал хөндөгддөг. Гэтэл Эрдэнэс Тавантолгой бол яам биш энэ бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ажилчдын объект. Энд ажилчдын ширээ сандал, компьютер хэрэгсэл, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг авах хэрэгцээ үүсдэг ч Төрийн хэмнэлтийн хуульд хамааруулснаар үйл ажиллагаа доголдох, бүтээмж буурах, хөдөлмөрийн аюултай, эрсдэлтэй орчин бүрдэж байна.
Төв оффисын худалдан авалт удаашралттай байгаагаас уурхай дээр аюулгүй ажиллагаа хангагдахгүй байна. Үүнд анхаарч өгөхийг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайгаас хүсэж байгаа юм" гэв.
"Төрийн татварын бодлого нь эх орныхоо төлөө хөлс хөдөлмөрөө зарцуулсан хүн урамших биш ялгаварлан гадуурхагдах, дарамтад орох нөхцөлд хүргэж байна"
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.Учралд өргөх бичгийн агуулгыг товчлон хүргэвэл
"Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай байна. Том жижиг нийлсэн 200 гаруй уурхайд 73,000 гаран хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүс гэр бүлээсээ хол хөдөлмөрийн хэвийн бус, хүнд нөхцөлд ажиллан нуруу, бөөр, уушги, зүрхний өвчнөөр өвчилж цаашлаад хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсээр байна.
Гэтэл ₮120 саяас дээш цалин авч байгаа бол 15 хувь, ₮180 саяас дээш бол 20 хувь зэргээр татварыг чангалж байгаа нь хөдөлмөрчдөд улам ачаа үүрүүлж байна. Төрийн татварын бодлого нь эх орныхоо төлөө хөлс хөдөлмөрөө зарцуулсан хүн урамших биш харин ч авч буй цалин хөлснөөсөө болж ялгаварлан гадуурхагдах цаашлаад дарамт үзүүлэх байдалд орж байна. Иймд дээрх хуулийг эргэн харахыг хүсэж байна" гэжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий