Монгол Улс, ОХУ-ын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бол Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийг гурав дахь удаагаа хамтран шалгах ажлыг эхлүүлснийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас танилцуулсан байна. 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан улсын хилийг хамтран шалгах түүхэн, хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талаар дэмжиж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн тэрбээр эх орны нүүр царай болсон хилийн шалган нэвтрүүлэх албаны бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, алба хаах нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ бодлого баримтална гэдгээ онцоллоо.

Түүнчлэн хил хамгаалах салбарт хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан орчин үеийн дэвшилтэт техник, технологи, программ хангамжийг нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж, цахим гарцыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгааг хилчдэд танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хил хамгаалах салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх, “Хилийн тэнгэр” 1054 айлын орон сууцны хотхон, хилийн заставын “Шинэ эрин-ногоон хөгжил” 1208 айлын орон сууцны төслийг эрчимжүүлж 850 хилчнийг ипотекийн зээлд хамруулж, төсвийн зохицуулалтыг хийж, хөрөнгө оруулалтыг жил бүрийн улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.