Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга О.Батцогт хотын шинэ даргаас асуулт асуулаа. 

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Хоёрхон жилийн өмнө орон нутгийн сонгууль болсон. Улаанбаатар хотын иргэд МАН-д үнэмлэхүй итгэл хүлээлгэсэн. 45 төлөөлөгчөөс 40-ыг МАН-ын нэр дэвшигчээс сонгосон. Гэтэл өнөөдөр тэр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд ахалж явсан нөхөр ажлаа хүлээлгээд өгч байна. 

Цаг хугацааны хувьд хоёр жил боллоо. Та нөхдийн амласан мөрийн хөтөлбөр цаасан дээр бий. Бид хэдий сөрөг хүчин ч гэлээ хотын иргэдэд хэрэгтэй ажлыг гараа өргөөд дэмжинэ. Та нарын хоёр жилийн өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт "20 минутын хот" гэж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд метротой болох, Туулын хурдны зам, хөнгөн галт тэрэг, тойрог хурдны замыг амласан. Үлдсэн хоёрын жилийн хугацаанд энэ мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай биелнэ гэж үзэж байгаа вэ. 

Хийж хэрэгжүүлж буй ажлыг үргэлжлүүлэх үү, арай өөр хэлбэрээр явах уу. Олон төвт хот байгуулах санаачилга гаргаж ирсэн. 2024 оны сонгуулийн дараа олон хэсэгт хуваана гэж байсан. Өнөөдрийг хүртэл энэ талаар ямар ч алхам хийгдээгүй. Хоёр дахь жилдээ төсөв батлаад явахад "20 минутын хот" концепцын хамгийн гол хэсэг болох олон хот байгуулах ажил 0 байна. Энэ хэдэн хувьтай биелж байгааг тайлбарла. 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад хотын иргэдийн сонголтыг дураараа өөрчлөөд яваад байх уу. Төрийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа гэж байх уу. Хотын дарга шинээр томилогдож орж ирээд бүтцийн хувьд өөрчлөлт хийх үү. Одоо ажиллаж буй төрийн албан хаагч, дарга цэрэг нарын хэдэн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийх вэ. 

Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Хоёр жилийн дараа эргээд ангийн хамт олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Мэдээж "20 минутын хот", шинэ Улаанбаатар хот мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Дагуул хотуудыг байгуулахаас наана нь тулгамдаж буй асуудал байна. Төслүүдийг шат дараатай эрэмбэлнэ, санхүүгийн хувьд хязгаарлагдмал нөөцтэй. 

Манай хот үндсэн гурван хэсгээс бүрддэг. Бидний ярьдгаар 70 га газар Бага тойрог, гэр хорооллын бүс, дагуул хот гэх мэт. Хотоо задлах бодлого барьж байж, төвлөрөл түгжрэлээс ангижирна. Иргэд соёлын, бизнесийн, санхүүгийн үйлчилгээ авах гэж хотын төв рүү орж ирдэг.

Тогтвортой байдлын талаар та дурдлаа. Тогтвортой байдлыг ажлын үр дүнгээр иргэд шийднэ. Бид яаж ажиллахаас шалтгаалж, тогтвортой байдлын үнэлгээ дүгнэлтийг Улаанбаатар хотын иргэд шийднэ.