Даваа гарагийн оройгоос эхлэн Мягмар гарагийн өглөө хүртэл хугацаанд Оросын тал 73 пуужин, 656 нисгэгчгүй онгоцоор довтолсныг Украины агаарын цэргийн хүчин мэдээлсэн байна.

Нийслэл Киев хотод зургаан хүн алагдаж, 66 хүн шархадсаны дотор хоёр хүүхэд байгааг тус хотын дарга Виталий Кличко мэдээлжээ.

Өмнөд бүсийн аж үйлдвэрийн төв Днепр хотод 15 хүн алагдсан бол Оросын хилийн ойролцоох Харьков хотод 15 хүн шархадсан тухай орон нутгийн удирдлагууд мэдээлсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам уг довтолгоо нь Украины батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд, тээврийн дэд бүтцийг чиглэсэн гэж тайлбарлажээ.

“Киевийн дэглэмийн террорист халдлагын хариуд Оросын зэвсэгт хүчин алсын тусгалын, өндөр нарийвчлалтай агаар, газар, тэнгисээс харвах зэвсгүүд, түүний дотор дуунаас хурдан аэробаллистик пуужин, дайралтын нисгэгчгүй онгоц зэргийг ашигласан томоохон хэмжээний цохилт өглөө. Зорилтот бүх байд цохилт өгсөн” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

Тавдугаар сард эзлэгдсэн Луганск мужийн нутагт оршдог оюутны дотуур байр агаарын цохилтод өртсөний дараа Оросын тал Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлээд байгаа.

Украины гадаад хэргийн яам өчигдрийн цохилтыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөхрөнгөө барж буйн шинж тэмдэг гэж тайлбарлажээ.

“Путин бол дайны гэмт хэрэгтэн бөгөөд айдсаас өөр хөзөргүй болсон ялагдагч юм. Москва тулааны талбарт ялагдаж байгаа. Үүнийг ямар ч тооны пуужин өөрчилж чадахгүй” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсандаа бичсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү халдлага нь Европ тив өөрийн агаарын довтолгооноос хамгаалах системээ хөгжүүлэх шаардлагатай болсныг, мөн АНУ-ын дэмжлэг чухал хэвээр байгааг харуулж буйг мэдэгджээ.

“Энэ дайныг дуусгахын тулд Европ өөрийн баллистик пуужингийн хамгаалалтын системтэй болох шаардлагатай. Мөн АНУ-ын Патриот системийн пуужингийн тусламж зайлшгүй шаардлагатай байна” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.