Олон арван орон сууцны барилга, сургууль, дуурийн театр, музей зэрэг иргэний байгууламжууд энэ удаагийн халдлагад өртжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам “иргэний байгууламжуудад” халдсаных нь хариуд Украины эсрэг дуунаас хурдан Орешник пуужинг хэрэглэснээ мэдээлсэн байна. Дайны турш Оросын тал уг зэвсгийг Украины эсрэг гурав дахь удаагаа ашигласан нь энэ юм.

Өнгөрсөн Баасан гарагт эзлэгдсэн Луганск мужийн нутагт оюутны дотуур байранд дроноор халдаж, 21 хүний амь хөнөөсөн хэрэгт Оросын тал Украиныг буруутгаж байлаа.

Украины тал Старобильск хотод халдлага үйлдсэнээ хүлээсэн ч бай нь дотуур байр биш, Оросын нисгэгчгүй онгоцны цэргийн анги байсныг хариу мэдэгдсэн.

Үүний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хариу арга хэмжээ авахаа амлаж, Украин болон Өрнөдийн албаныхан Оросын зүгээс томоохон цохилт ирж болзошгүй талаар урьдчилан анхааруулж байлаа.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр нийслэл Киев хотод нурсан барилгуудтай танилцах үеэрээ Орешник пуужин Киев мужийн Била Церква хотод туссаныг мэдээлжээ.

Цөмийн болон ердийн цэнэгт хошууны аль алийг тээвэрлэх чадвартай энэ пуужин нь дууны хурднаас 10 дахин өндөр хурдаар нисдэг тул эсэргүүцэхэд хэцүү байдаг.

Оросын тал Бямба гарагийн оройгоос эхлээд шөнийн турш нийтдээ 90 орчим пуужин, 600 орчим нисгэгчгүй онгоцоор довтолжээ.

Украины тал тэдгээрээс 55 баллистик болон далавчит пуужин, 549 нисгэгчгүй онгоцыг устгаж чадсанаа мэдээлсэн байна. Үүнээс гадна 19 пуужин байндаа хүрээгүй байх магадлалтай гэжээ.

Харин Украины хамгаалалтын системийг нэвтэлсэн 16 пуужин, 51 нисгэгчгүй онгоц нийт 54 байрлалд хохирол учруулсан юм байна.

Киевээс гадна Черкассы, Харьков, Одесса, Полтава, Сумы, Житомир мужууд Оросын агаарын довтолгоонд өртсөнийг Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига мэдээлсэн юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Фридрих Мерц нар цөмийн цохилтын зэвсгийг иргэний байгууламжуудын эсрэг ашигласныг буруушаасан бол Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Калас үүнийг “улс төрийн айлгах тактик, цөмийн зэвсэг ашиглах болчимгүй оролдлого” гэж мэдэгджээ.

Их Британийн гадаад хэргийн сайд Иветт Купер энгийн номхон иргэдийг чиглэсэн “аймшигт халдлага”-д харамсал илэрхийлээд Орос улсад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг амласан байна.