"Miss Global Mongolia 2026" тэмцээний тэргүүн мисс, энэ оны есдүгээр сард Тайландад зохион байгуулагдах “Miss Global 2026” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан Б.Аззаяаг танилцуулж байна. Өдгөө 18 настай тэрбээр миссийн тэмцээнээс гадна АНУ-д дизайнерын мэргэжлээр суралцахаар их сургуульдаа тэнцсэн юм.

Түүний амжилт, хүсэл мөрөөдлийн талаарх ярилцлагын та бүхэнд хүргэж байна.


- Таны оролцох ‘’Miss Global 2026’’ тэмцээний ач холбогдол, цар хүрээний талаар уншигчдад маань мэдээлэл өгнө үү?

- Миссийн олон төрлийн тэмцээн байдаг. "Miss World", "Miss Universe", "Miss Internetional" зэрэг нь эхний гуравт эрэмбэлэгддэг. Үүний араас "Miss Global" тэмцээнд ордог бөгөөд 2013 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Тухайн үед миссийн тэмцээнүүд 28 хүртэлх насны ангилалтай, гэрлээгүй, ганц бие эмэгтэй гэх мэт тодорхой стандарттай байсан.

Харин "Miss Global" нь тэрхүү стандартыг эвдсэн, 18-35 насны бүх эмэгтэй оролцох боломжтой тэмцээн юм. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй эмэгтэй ч энэ тэмцээнд оролцох боломжтой гэсэн үг. Бусад тэмцээнээс ялгарах онцлог гэвэл эмэгтэйчүүдийн манлайлал, харилцаа хандлага, улс орныхоо түүх, өв соёлыг хэрхэн түгээж байгаа зэргийг түлхүү хардаг.

Би энэ тэмцээнд оролцох гэж байгаа бусад орны миссүүдээс хамгийн залуу нь. Миний өрсөлдөгч нар 35 хүртэлх наснынхан. Би түүх, соёлоо түлхүү сурталчилж, үндэсний хувцсаа илүү гоё бүтээлч байдлаар харуулахыг зорьж байгаа. Эх орноо танилцуулсан бичлэг дээрээ Хотулун гүнжийн дүрээр гаргаж ирэхээр төлөвлөсөн.

Би эмэгтэй хүнийг нэн түрүүнд өөртөө итгэлтэй, зоригтой байгаасай гэж хүсдэг

- Яагаад Хотулун гүнжийг сонгосон бэ?

- Эмэгтэйчүүдийг хүчирхэг байгаасай гэж хүсдэг учраас Хотулун гүнжийг сонгосон. Уран зохион болон домог түүхэнд Хотулун гүнж эрэлхэг, зоригтой, дайчин дүрээр мөнхөрсөн нь надад их таалагддаг. Би багадаа Хотулун гүнж номыг уншиж байсан. Тийм болохоор миний хамгийн дуртай дүр гэх юм уу даа. Тухайн үед уншиж байхад жаахан хэрнээ шартай дүр байсан нь надад таалагдсан.

Би эмэгтэй хүнийг нэн түрүүнд өөртөө итгэлтэй, зоригтой байгаасай гэж хүсдэг. Мөн зорилгынхоо төлөө тууштай байгаасай.

"мөрөөдлөө ахлах ангиа төгсөөд биелүүлж байгаадаа баяртай байна"