Тус албаны ахлах сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Сувданчимэг хэлэхдээ "2010 онд Монгол Улс дамжин өнгөрөгч орон байсан бол 2014 оноос хойш хэрэглэгч орон болсон байна. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэргийн тоо жил ирэх тусам ихсэх хандлагатай байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хэрэглэгчдийн 80 орчим хувийг 15-35 насны хүүхэд залуус эзэлж байна. Үүнээс өсвөр насныхан буюу оюутан залуусын дунд тухайн зүйлийг сонирхох сэдлээр эсвэл ашиг хонжоо олох сэдлээр хэрэглэх тохиолдлууд бүртгэгдэж байна.

Манай байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх алба болон өргөжсөн.

Гаалийн ерөнхий газар болон хил хамгаалах байгууллагуудтай хамтраад улсын хилээр нэвтрүүлж байгаа гэмт хэргийн сувгийг хаах, мөн Тагнуулын ерөнхий газартай хамтран үндэсний хэмжээнд гэмт хэрэг үйлдэж буй томоохон бүлэг этгээдүүдийг илрүүлэх, Эрүүл мэндийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтраад энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт соён гэгээрүүлэх ажлуудыг тус тус зохион байгуулж байна.

Улсын хилээр нэвтэрч орж ирэх тохиолдол нэлээд байгаа. Үүн дотор карго болон иргэд өөрсдөө ачаа тээшиндээ нууж далдлах аргаар орж ирэх тохиолдлууд байна. Хамгийн сүүлийн жишээг дурдвал 4.2 килограмм синтетик төрлийн нийт 38,000 хүн нэг удаа хэрэглэх хүн тун бодисыг хэрэглэгчдэд хүрэхээс нь өмнө илрүүлсэн" гэлээ. 

ВИДЕО: