- Нийслэлд 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй
- Иргэн жилд дунджаар 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг
- Түгжрэлээс жилд 2.7 их наяд төгрөгийн хохирол учруулдаг
- Туулын хурдны замын төсөл ашиглалтад орсноор Яармагийн гүүр, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 30% буурна
- Төслийн эдийн засгийн өгөөж 16.9%, 18 жилд 236.5 сая ам.долларын үр ашиг
Замын түгжрэл нь зөвхөн цаг хугацааны бус, хөдөлмөрийн бүтээмж, шатахууны хэрэглээ, бизнесийн өрсөлдөх чадварт нөлөөлөх эдийн засгийн томоохон алдагдал болж, нийслэлд жилд 2.7 их наяд төгрөгийн хохирол учруулдаг гэж судлаачид үздэг.
Энэ асуудлыг шийдэх нэг хувилбар нь Туулын хурдны замын төсөл юм. Нийслэлийн танилцуулсан ТЭЗҮ-д дурдсанаар ашиглалтад орсноор Яармагийн гүүр, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 30 орчим хувиар буурч, төслийн эдийн засгийн өгөөж 16.9 хувь, 18 жилийн хугацаанд 236.5 сая ам.долларын үр ашиг бий болно гэж тооцоолжээ.
Харин эсэргүүцэгчид авто урсгалын тооцоо, ашиглалтын зардал, мөн ундны усны эх үүсвэрт үзүүлэх нөлөөллийг бүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Ялангуяа ундны усны хамгаалалтын бүсэд төлөвлөгдсөн гүүрэн байгууламж хамгийн их маргаан дагуулж байгаа юм.
Гэхдээ дэлхийн олон орон ийм төрлийн төслүүдийг хамгаалалтын инженерийн тусгай шийдлээр хэрэгжүүлсэн туршлагатай. Япон, БНСУ, Герман, АНУ зэрэг улс усны эх үүсвэрийг дайран өнгөрөх зам, гүүрнүүддээ бохирдлоос хамгаалах цэвэрлэх байгууламж, тос ялгах систем, ослын үед химийн бодис алдагдахаас сэргийлэх хамгаалалт зэрэг технологийг ашигладаг.
Иймээс мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ундны усны эх үүсвэр орчимд зам барих нь өөрөө асуудал биш, харин хамгаалалтын инженерийн шийдэл, байгаль орчны хяналт, эрсдэлийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд ингэснээр замын түгжрэлийг бууруулж, цаашлаад эдийн засгийн өр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Нийтлэл бичсэн: Б.Хандаа
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий