Октагон гэж нэрлэгдсэн найман талдаа тус бүр найман талт, найман барилгатай энэ аварга цогцолбор 90 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг нь Португалийн нийслэл Лиссабоноос том юм байна.

Хэмжээгээрээ АНУ-ын батлан хамгаалах яамны төв байр Пентагоныг гүйцэж, дэлхийн хамгийн том батлан хамгаалах яамны барилга болжээ.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаагаа цэргийн дүрэмт хувцастай олны өмнө гарч ирсэн ерөнхийлөгч Сиси нээлтийн үеэр уг цогцолборыг “боломжгүй зүйлийн талаар огт мэддэггүй үндэстний хүсэл зоригийн нотолгоо” гэж тодорхойлсон байна.

Цогцолборыг Кайр хотын зүүн талын цөлд орших засаг захиргааны шинэ төвд байгуулсан бөгөөд $57 тэрбумын төсөвтэй буюу Сисиг ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойших хамгийн өндөр өртөгтэй төсөл болжээ.

Египет улсад хэдэн арван жилийн турш эдийн засгийн гүн хямрал үргэлжилж байгаа бөгөөд гадаад өрийн хэмжээ нь $163.5 тэрбумтай тэнцдэг.

Тиймээс тус улсын иргэдийн зарим хэсэг Сиси болон түүний мега төслүүдийг уг хямралд буруутгадаг юм.

Африк тивийн хойд хэсэгт оршдог Египет улсад 2013 онд болсон цэргийн эргэлтийн дараа Сиси ерөнхийлөгч болсон.

Тус улс Газын зурвас, Судан, Ливи зэрэг хөршүүдийнхээ дайн мөргөлдөөний нөлөөн дор олон жил оршиж байгаа ч өөрийнх нь дотоод аюулгүй байдал 2011 оны хувьсгалаас хойш харьцангуй тогтвортой байгаа юм.