Үндэсний бөхийн барилдаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир тэргүүтэй улсын цолтой 19 бөх зодоглосон юм. Түүнчлэн аймгийн арслан 23, аймгийн заан найм, аймгийн харцага дөрөв, аймгийн начин 14 бөх барилджээ.

Улмаар Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Хутагтын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Б.Бадрал долоо давж түрүүлснээр хурц чимэг хүртлээ. 

Үзүүрт Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Завхан Даян дэвжээний бөх сумын заан Б.Лхагварагчаа үлдэж, аймгийн заан цол хүртсэн бол их шөвөгт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, сумын заан Ц.Нямсүрэн, Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат, сумын заан Б.Бямбадорж нар үлдсэнээр аймгийн начин цол хүртлээ.

Шинэ цолтнууд улсын баяр наадмаар шинэ цолтойгоо бүртгүүлжээ.

Түрүү бөх Б.Бадралын хувьд 2019 онд аймгийн харцага, 2022 онд аймгийн заан, 2023 онд Дорноговь аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байв.