Энэ жилийн их баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.

Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ө.Батсуурь, аймгийн начин Б.Сундуйжав нар давлаа.

Ийнхүү энэ жилийн баяр наадмаар 14 шинэ начин төрсөн юм.

Монголын Залуучуудын Холбооноос жил бүрийн хамгийн залуу начинд даага өгдөг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар хамгийн залуу начнаар тодорч байна. Тэрбээр 2003 оны зургаадугаар сарын 30-нд төрсөн юм.

Улсын начин цолтой болсон бөхчүүд

  1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  2. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Б.Шаравдорж,
  3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Х.Наранбаяр,
  4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн хурц арслан Г.Төрмөнх,
  5. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж,
  6. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр,
  7. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Ж.Жавхлан,
  8. Өмнөговь аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар,
  9. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав,
  10. Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан А.Нармандах,
  11. Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэн,
  12. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар,
  13. Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, 
  14. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн нарын 14 начин боллоо.