Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас эрчим хүчний салбартай холбоотой нэгэн чухал шийдвэр гаргалаа.

Саяхан таван аймгийн нутагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан. Нийт 220 МВт хүчин чадалтай, батарей хураагууртай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 1-нээс эхэлсэн.

Энэ сайн туршлага дээр үндэслэж дараагийн шатны аукционыг зарласан. Зардлыг өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Дахин таван байршилд буюу Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгуудад нарны, батарей хураагууртай цахилгаан станц байгуулах сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулахаар боллоо.

Цаашид Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад, Дорноговь аймгийн Мандах суманд дэд станц холбох нөхцөлтэйгөөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхины цахилгаан станцын аукционыг зохион байгуулах болно.

Үүгээр зогсохгүй манай улсын 330 сумын 134 нь хүчдэлийн дутагдал, улайсалттай, эрчим хүч, цахилгаан чанарын хувьд хангалтгүй байдаг. Эдгээр сумдаас эхний ээлжинд 22-т нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа. Нарны болон батарей хураагууртай цахилгаан станцуудыг сумдад, зарим сумдын хооронд байгуулна. Ингэснээр хүчдэлийн дутагдалтай, гэрэл нь улайсдаг сумдын асуудал шийдэгдэх юм" гэлээ.