55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх байгууламж гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт барьсан тус цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулж, гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажиллажээ.

Иргэдийн буруу дадлаас үүдэн бохирдлын хэмжээ нэмэгдэж, Төв цэвэрлэх байгууламжид тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл үүсгэх эрсдэлтэй байдгийг инженерүүд анхааруулав. Тухайлбал цэвэрлэх байгууламж өдөр тутамд усанд уусдаггүй цаас, салфетка зэрэг их хэмжээний хогийг ялгадаг байна. Жилээс жилд хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь оршин суугчдын буруу зуршилтай шууд холбоотой учир ариутгах татуурга руу усанд уусдаггүй цаас болон хатуу хог хийхгүй байхыг зөвлөлөө. Тус байгууламж хэвийн ажиллахад иргэдийн оролцоо чухал аж.

Энэ тухай Ус Сувгийн Удирдах Газрын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга О.Оюунбаяр “Цэвэрлэх байгууламж 200 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр 24 цагийн турш ажилладаг.

Хуучин цэвэрлэх байгууламж бохир усыг хүлээж аваад цэвэршүүлэх явцад үнэр ихээр ялгарч эргэн тойронд тархдаг байсан бол шинэ цэвэрлэх байгууламж таагүй үнэрийг шийдсэнээрээ онцлогтой. Төв цэвэрлэх байгууламж хоногт дунджаар 190,000-240,000 шоо метр бохир ус хүлээн авч байгаа бөгөөд гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулсаар байна” гэлээ.