Мөн Цагаан эргийн гүүр эвдэрсний улмаас тухайн бүсийн иргэдийн ундны усны хүртээмж хязгаарлагдаж, өдөр тутмын амьдралд хүндрэл үүсжээ. Гүүр эвдрэл гэмтлийг засварлан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болгож, гүүрийг сэргээн барих асуудлыг ирэх оны нийслэлийн төсөвт тусгахаар болов.

Хан-Уул дүүргийн 12 дүгээр хороо 8,000 оршин суугчтай бөгөөд хойд хэсгээрээ үерийн эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Тус хорооны ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн өргөтгөлийн зааланд түр хамгаалах байр байгуулж, одоогийн байдлаар үерийн улмаас найман иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлжээ.

Түр хамгаалах байранд байгаа иргэдийн зүгээс хүнсний хангамж хүндрэлтэй, холбогдох байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийлжээ. Иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол Засаг даргын нөөц хөрөнгөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүнс, тэжээлийн болон нэн шаардлагатай зардлыг шийдвэрлэх, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхээр боллоо.

Тус бүсэд 1992 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Түргэний голын ай савд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх зориулалтаар газар олгож байжээ. Энэ орчимд хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 орчим өрхийн газар усанд автаж, үерт өртөх өндөр эрсдэл үүсдэг байна.

Сүүлийн жилүүдэд голын ай сав өөрчлөгдөж, шороон овоолго, авто зам зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уулын усны урсцын чиглэл өөрчлөгдөн, үерийн хүч нэмэгдэж, эрсдэл эрс нэмэгджээ. 2009 онд үер болж, хөндий бүхэлдээ усанд автсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр үерийн эрсдэл нүүрлэх болжээ. Ургац, хөрөнгө, бүтээн байгуулалтад хохирол учирч, үерийн ус, лаг шаварт бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжгүй болж хөдөлмөрийн үр шим талаар өнгөрдөг тухай хэлж байв.

ХУД-ийн 14 дүгээр хорооны иргэн Л.Алтанзул хэлэхдээ

“Бид 1992 оноос хойш энэ газрыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тохижуулж, үржил шимтэй хөрс бүрдүүлэн хүлэмжийн аж ахуй хөгжүүлсэн. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үерийн эрсдэлээс болж жил бүр хохирч байна”

гэлээ.

Мөн иргэдийн төлөөлөл зам, ус зайлуулах байгууламжийн өөрчлөлтөөс шалтгаалан уулын амны ус өндөр даралттайгаар орж ирдэг болсон бөгөөд инженерийн цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дуулгав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асуудлыг судалж, инженерийн шийдэл боловсруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч

“Үерийн эрсдэлийг бууруулах асуудлыг зөвхөн 14 дүгээр хороогоор хязгаарлахгүйгээр Өлзийт орчмын ногоочдын бүсийг хамруулан иж бүрэн судалгаа хийж, Геодези, усны барилга байгууламжийн шийдлийг боловсруулна. Хөдөлмөрлөж, хотын хүнсний хангамжид хувь нэмэр оруулж буй иргэдээ дэмжих бодлого баримтална”

гэв.

Холбогдох байгууллагууд үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн талбайд шуурхай зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ариутгалын бодис олгох, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан, дэд бүтцийн нөхцөл байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ.