Тоглолт завсарлахын өмнөхөн багийн ахлагч Ким Кён Ёны хийсэн ганц гоол уг тэмцээнд анх удаа оролцож буй Умард Солонгосын багийг аварга болгосон юм.
“Өнөөдөр бидэнд Азийн шилдэг баг болж, дэлхийн дэвжээнд хөл тавих түүхэн мөч тохиож байгаа тул сэтгэл хөдлөл, баяр хөөр үгээр илэрхийлэхийн аргагүй байна” гэж багийн дасгалжуулагч Ри Ю Ил тэмцээний дараа хэлжээ.
Ингэснээр тус баг ирэх онд FIFA-гаас зохион байгуулах Эмэгтэйчүүдийн Аваргуудын Цомын тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох юм.
Уг тэмцээнд дэлхийн зургаан тивийн холбоодын аварга багууд дэлхийн цомын төлөө өрсөлдөнө.
Хоёр Солонгосын хооронд хилийн хориг үйлчилдэг тул өчигдрийн тоглолтод Умард Солонгосын баг хөгжөөн дэмжигчгүй оролцсон юм.
Гэхдээ Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны зохион байгуулсан иргэний байгууллагуудын 1,200 орчим гишүүнээс бүрдсэн үзэгчид тэднийг дэмжиж байжээ.
Гэсэн хэдий ч хоёр Солонгосын улс төрийн зөрчил маргаан үргэлжилсээр байлаа.
Тэмцээний дараа зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд дасгалжуулагч Ри, багийн ахлагч Ким нар оролцсон ч Өмнөд Солонгосын нэг сэтгүүлч улсыг нь “хойд тал” гэж нэрлэсний дараа хурлыг орхин явсан байна.
Шигшээ тоглолтын өмнө Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Чун Дон Ён уг спортын арга хэмжээ хоёр Солонгосын харилцаанд “эерэг жишиг тогтооно” гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.
1953 онд Солонгосын дайн зогссон ч энхийн гэрээ байгуулагдаагүй тул хоёр улс одоог хүртэл техникийн хувьд дайны байдалд байдаг.
Тэр үеэс хойш талуудын харилцааг сайжруулах хүчин чармайлтууд гарч байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд харилцаа эрс муудаад байгаа. Хамгийн сүүлд Пёньяны эрх баригчид Өмнөд Солонгосыг өөрийн “хамгийн том дайсан улс” хэмээн нэрлэж, хоёр улсыг нэгтгэх санаанаас бүрмөсөн татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх