Уг тайланд өгүүлснээр өнөөдөр дундаж хүн өвөө эмээ нарынхаа үетэй харьцуулахад зургаа дахин их тахиа, хоёр дахин их гахайн мах иддэг болсон байна.

Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (FAO) тооцоолсноор 1961 онд шувууны махны нийлүүлэлт нэг хүнд 3 кг ногдох хэмжээтэй байсан бол 2022 онд 17 кг болж өсжээ.

Ижил хугацаанд гахайн мах хоёр дахин өсөж, 15 кг ногдох хэмжээтэй болсон бол үхрийн махны хэмжээ 9 кг орчимд тогтвортой байсан байна.

Мал аж ахуй нь байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг үзүүлэлтээрээ дэлхийн эдийн засгийн салбаруудаас хоёрдугаарт бичигддэг.

Ирэх арван жилийн хугацаанд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаруулалт 7.6 хувиар өсөх бөгөөд үүний 80 хувь нь мал аж ахуйн өсөлттэй холбоотой байх төлөвтэйг FAO тайландаа дурджээ.

Ерөнхийдөө дэлхий дахинд махны нийлүүлэлт 1961 онд нэг хүнд дунджаар 25 кг ногдох хэмжээтэй байсан бол 2022 онд 47 кг болон нэмэгдсэн байна.

Нийт мах болон сүүн бүтээгдэхүүний 14 орчим хувь нь үйлдвэрлэлийн явцад болон худалдаанд гарсныхаа дараа хаягдал болдог гэнэ.

Баян орнуудтай харьцуулахад бага болон дунд орлоготой улсуудын ард иргэдэд малын гаралтай хүнс олон дахин өндөр үнэ өртөгтэй хүрч буйг судалгаа харуулжээ.

Эсрэгээрээ баян чинээлэг орны иргэд махны хэрэглээгээ бууруулах, ядуу буурай орны иргэд нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Дэлхийн цаг агаар аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.4 хэмээр дулаарсан гэж судлаачид үздэг.

Үүнд хүмүүсийн малтмал түлшний хэрэглээ, байгаль орчны сүйтгэл голлон нөлөөлдөг бол мал аж ахуйн салбар хүлэмжийн хийн ялгарлын 11-20 хувийг эзэлдэг байна.

Малын гаралтай бүтээгдэхүүн хүн төрөлхтний хоол хүнсний чухал хэсэг хэвээр байгаа тул малын тоо толгойг бууруулахын оронд мах, сүүний үйлдвэрлэлтэй холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад анхаарч ажиллахыг FAО дэлхийн улс орнуудын эрх баригчдад зөвлөжээ.