- Factcheck.mn провел исследование дезинформации в монгольском сегменте Facebook за 2025-2026 годы.
- Проанализировано 1930 сообщений, связанных с Россией, из которых 1728 — официальные посты российских госструктур.
- 45% контента касалось геополитики и политики.
- Пропаганда направлена на стратегические проекты Монголии в экономике, энергетике и развитии.
- Методы включают высокую частоту публикаций, эмоциональные посты без источников и разжигание спорных тем.
Сошиал орчинд өдөр бүр тааралдах “Орос ах”, “Агуу Орос” гэх энгийн мэт үгс үнэндээ санамсаргүй тархдаггүй. Тэдний ард Монголын стратегийн томоохон төслүүдийг онилсон, илүү нарийссан, системтэй мэдээллийн урсгал байгааг сүүлийн судалгаанууд харуулж байна. Эх сурвалжгүй, хувь хүний байр суурь хэлбэртэй, сэтгэл хөдлөлд тулгуурласан ийм постууд бодит мэдээллээс хэд дахин хурдтай тархаж, олон нийтийн хандлага, ойлголтод нөлөөлж эхэлжээ. Өмнө нь геополитикийн тайлбар төдий байсан суртал ухуулга өнөөдөр Монголын эдийн засаг, эрчим хүч, хөгжлийн шийдвэрүүд рүү чиглэсэн нь анхаарал татах ноцтой өөрчлөлт болж байна.
Монголын баримт шалгах анхны талбар Factcheck.mn гурав дахиа хийж буй энэ удаагийн цуврал судалгаагаараа фэйсбүүк орчинд 2025-2026 онд нийтлэгдсэн, ОХУ-тай холбоотой 1930 мэдээллийг хамруулан шинжиллээ. Судалгааны гол зорилго нь Монголын мэдээллийн орчинд илэрч буй гадаадын хортой нөлөөллийн хэлбэр, өгүүлэмжийг тодорхойлох, контентын давтамж, түгээлтийн хэлбэр, оролцооны (engagement) хэв шинжийг үнэлэхийн зэрэгцээ суртал ухуулга, мэдээллийн нөлөөлөлд түгээмэл ашиглагддаг арга барил, техникүүдийг илрүүлэх байв.
Дээр дурдсан 1930 мэдээллийн 1728 нь ОХУ-ын төрийн албан ёсны буюу буюу ОХУ-ын Элчин сайдын яам, Русский дом зэрэг фэйсбүүк хуудсуудын 12 сарын постууд, 205 нь хувь хэрэглэгч, группийн жишээ контент ба эдгээр нь мөн л ОХУ-тай холбоотой өгүүлэмж агуулсан, гараар цуглуулсан түүвэр постууд юм.
Энэхүү судалгаанд Фэйсбүүк платформыг онцлон авсан шалтгаан нь тодорхой үндэслэлтэй. Өмнөх буюу 2022–2024 онд хийсэн хоёр удаагийн мониторингоор Оросын суртал ухуулга, хуурамч мэдээлэл Фэйсбүүкээр илүү өргөн тархаж, олон нийтэд нөлөөлж байгаа нь тогтоогдсон юм. Тухайн үед эдгээр нь тодорхой эх сурвалжгүй, хувь хүний үзэл бодол хэлбэрээр түгж, "Орос ах нар", "Агуу Орос" гэх мэтээр Оросыг зөвтгөсөн, өмгөөлсөн өнгө аястай байсныг Factcheck.mn мэдээлж байв.
Харин энэ удаагийн судалгаагаар дээрх нийтлэг хандлага улам баталгаажаад зогсохгүй шинэ түвшинд хүрснийг харууллаа. Өдгөө Монголын Фэйсбүүк орчинд ОХУ-тай холбоотой контент тогтмол өндөр давтамжтай нийтлэгдэж, улс төр, аюулгүй байдал, түүхэн ой санамж, соёл-боловсролын сэдвүүдийг хооронд нь нарийн уялдуулан, нэгдмэл нэгэн концепцоор түгээж байна.
Мониторингоос үзэхэд ОХУ-ын нөлөөллийн гол хэв маяг нь албан ёсны сувгуудын тасралтгүй оролцоо, ухуулгын тогтвортой байдал, мөн олныг талцуулсан маргаантай сэдвүүдийг өндөр давтамжтайгаар байнга давтан хурцатгах тактикаар илэрч байна гэж дүгнэв.
Сошиал орчин дахь хуурамч өгүүлэмжүүд
Энэ удаагийн судалгаагаар Оростой холбоотой мэдээллүүдийн агуулгын нарийвчилсан бүтэц болон суртал ухуулгын өнгө аясыг тусгайлан ажигласан. Цуглуулсан контентуудыг дэд сэдвээр нь ангилж үзвэл дараах дүр зураг гарсан юм.
Нийт мэдээллийн 45% нь Геополитик ба улс төр байв
Энэхүү хамгийн том хувийг эзэлж буй сэдвийн гол чиглэл нь Оросыг туйлын идэвхтэй дэмжих, барууны орнуудыг гутаах, дотоодын либерал улстөрчдийг харлуулах явдал байв. Үндсэн өгүүлэмжүүдийг товчлон тайлбарлавал:
Орос бол "Аврагч": "Монгол Улсын тусгаар тогтнолын цор ганц баталгаа бол ОХУ", "Хэрэв Орос суларвал Монгол Хятадад уусна" гэх айдас дээр тоглосон тактикийг ашиглаж байна. Мөн В.Путинийг "дэлхийн шинэ дэг журмыг тогтоогч, шударга, хүчирхэг удирдагч" хэмээн магтан дуулдаг өнгө аястай.
Хятадын талаарх хандлага өөрчлөгдсөн нь: Өмнөх онуудын судалгаагаар Хятадыг буруутгаж, Оросыг "сайн хөрш" гэж тодруулдаг байсан бол энэ удаад Хятадын талаарх эерэг өгүүлэмж эрс нэмэгджээ. "Орос, Хятад хоёр хамтран олон туйлт дэлхийг бүтээж байна", "Хятад бол Оросын стратегийн түнш, БРИКС-ийн гол багана" гэх зэргээр холбоотон улсыг нь эергээр харуулах болжээ.
Барууны эсрэг дайралт: АНУ болон Европын холбоог "дайны өдөөн хатгагч", "ёс суртахууны доройтолд орсон сүйрэгч" гэж дүрсэлдэг. Улмаар "Украины дайныг барууныхан өдөөсөн, Орос зөвхөн аргагүй хамгаалалт, хариу арга хэмжээ авч байгаа" гэх өгүүлэмжийг хүчтэй түгээж байв.
Гадаадын хөрөнгө оруулалт нийт агуулгын 22 хувийг эзэлж байна
Энэ хэсэгт Оюутолгой, Зөөвч-Овоо ордын ураны төсөл, Халзан бүргэдэй зэрэг Монгол дахь мега төслүүдийг эсэргүүцсэн агуулга багтав. Гол онцлог нь Франц, Англи, Австрали зэрэг барууны орнуудын хөрөнгө оруулалтыг үгүйсгэхдээ "Pseudo-science" буюу хуурамч шинжлэх ухааны аргуудыг идэвхтэй ашиглаж байгаа явдал юм.
Оюу толгой бол "Луйвар": Рио Тинто болон барууны хөрөнгө оруулагчдыг "дээрэмчид" хэмээн цоллож, төслийг төрд хураан авахыг уриалдаг. Ингэхдээ Оросын оролцоотой байсан "Эрдэнэт" үйлдвэрийг жишиг болгон ярьж, "Гагцхүү Орос шиг хариуцлагатай хөрөнгө оруулагч л Монголд хэрэгтэй" гэсэн санааг үргэлж хавчуулдаг байна.
Уран бол гамшиг: Францын "Орано" группийн Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй уран олборлох төслийг гацаахын тулд эрүүл мэндэд аюултай гэх баталгаагүй цуурхлыг тараадаг. Жишээ нь: Өөрийгөө судлаач гэх хаягаас Дорноговь аймагт очиж, "5D ЭХО-гоор гажигтай хүүхэд, мал харсан" гэх сэтгэл хөдлөлд тулгуурласан мэдээлэл бэлтгэн тасааран нь Фэйсбүүкт 1,600 гаруй удаа шэйрлэгджээ. Тэрээр уншигчдыг төөрөгдүүлэхийн тулд $U_3O_8$, хүхрийн хүчил, радон зэрэг мэргэжлийн үг хэллэгүүдийг зориудаар ашиглаж, Францын төслийг зогсоохыг байнга уриалсан хандлагатай байна.
Олон улсын хяналтыг үгүйсгэх: Томоохон төслүүд дээрх олон улсын хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд итгэхгүй байхыг уриалж, зөвхөн Орос эсвэл Хятадын шинжээчдийг оруулах ёстой гэсэн мессежийг өгдөг.
Эрчим хүч, шатахуун, дэд бүтэц хүртэл бай болжээ
Эдгээр сэдэв нийт агуулгын 15 хувийг эзэлсэн нь анхаарал татсан юм. Дотоодын эрчим хүчний салбарын хувьчлалыг эсэргүүцэх, Оросын төслийг магтан дуулах тактик мөн л давамгайлж байна.
"Сибирийн хүч-2" бол эдийн засгийн аврал: Оросоос Хятад руу Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойг Монголыг аврах цорын ганц төсөл мэтээр сурталчилдаг байна. Мөн европчууд Оросын хийнээс татгалзсан нь тэдний өөрсдийнх нь хохирол гэж тайлбарладаг.
Эрчим хүчний хямралыг улс төржүүлэх нь: Монголын эрчим хүчний тасалдал, доголдлыг либерал улс төрчид санаатайгаар үүсгэсэн бөгөөд салбарыг үнэгүйдүүлж байгаад барууны эздэдээ хувьчилж өгөх гэж байна гэх хардлагыг төрүүлдэг. Нэн ялангуяа УИХ-ын гишүүн С.Цэнгүүний эрчим хүчний салбарт хийхээр төлөвлөж буй реформыг зохион байгуулалттайгаар харлуулах хандлага идэвхтэй ажиглагдсан.
Дараагийн сэдэв нь нийгмийн эрүүл мэнд
Хүн амын эрүүл мэндийн эмзэг сэдвүүд дээрийг онилж, олон улсын анагаах ухааны ололтуудыг үгүйсгэх сурталчилгаа сошиал орчинд өрнөсөөр байна.
Вакцины эсрэг ухуулга (Anti-Vax): КОВИД цар тахлын эсрэг Pfizer, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг HPV болон хүүхдийн товлолт вакцинуудыг бүгдийг нь "хор", "аутизм үүсгэгч", "хүн амын тоог цөөлөх барууны бодлого" гэж айлгах маш хортой тактик цахим орчинд өргөн тархжээ. ДЭМБ, CDC зэрэг олон улсын байгууллагуудад үл итгэхийг уриалж, Оросын эрдэмтдийн хэлсэн үгийг цорын ганц үнэн мэтээр сурталчилж байна.
Фентанил ба "Зомби" улс: АНУ-ын хар тамхины (фентанил) асуудлыг хэт дөвийлгөн харуулах замаар АНУ-ыг "Зомби лэнд", "Засгийн газар нь өөрөө хар тамхиа зардаг сүйрсэн улс" гэж дүрслэх өнгө аястай постууд байв. Энэ нь “Барууны ардчилал, либерал үзлийг дагавал Монгол Улс ийм л үр дүнд хүрнэ" гэсэн айдас, жигшил төрүүлэх далд санааг түгээж байна.
Дүгнэвэл, Гаднын суртал ухуулга 2022 онд голдуу геополитик, Орос-Украины дайныг тайлбарлахад чиглэсэн мэдээллээс 2024 онд “Агуу Орос”, “Орос ах” гэх мэтчилэн түүхэн найрамдалт харилцааг ашигласан пропаганда руу шилжсэн. Тэгвэл энэ удаа 2025-2026 онд Монголын эдийн засаг, эрчим хүч, стратегийн төслүүд рүү чиглэсэн, илүү нарийвчилсан агуулгатай болж хувьсаж байгаа нь анхаарал татах үр дүн байлаа.
Хуурамч мэдээлэл ХОЁР ДАХИН хурдтай байна
Судалгааг хийхдээ фэйсбүүк орчин дахь хувь хүмүүсийн аккаунт, агуулгын нарийвчилсан шинжилгээ, пропаганда мэдээллийн өнгө аяс болон хамгийн өндөр хандалттай топ 10 бичвэр, гол нөлөөлөгчид ба сүлжээ, сүлжээний бүтэц зохион байгуулалт гэсэн өргөн хүрээнд шинжилж, анализ хийсэн.
Ийнхүү судлахад Оросын суртал ухуулга нь Америкийн судлаачдын “Firehose of Falsehood” хэмээн нэрлэсэн хуурамч мэдээллээр бөмбөгдөх технологи амжилттай хэрэгжиж байгаа өмнөх үр дүн мөн давтагдав. Энэ бол мэдээллийн урсгалаар дамжуулан айдас түгшүүр төрүүлж, сэтгэл хөдлөл, дурсамжийг удирдан олон нийтийн санаа бодлыг өөрчлөх суртал ухуулгын нарийн загвар хэмээн олон улсад хэдийн тодорхойлсон байдаг аж. Харамсалтай нь Монголын фэйсбүүк орчинд системтэйгээр ашиглаж байгаа энэ технологи нь амжилттай хэрэгжсээр байгаа буюу монголчууд яг ийм хуурамч, суртал ухуулгын постод илүүтэй итгэж, үнэн бодит, баримтад тулгуурласан мэдээллээс 2-3 дахин илүү хариу үйлдэл үзүүлж, лайк дарж, шэйрлэж байгаа нь судалгааны үр дүнгээр гарсан. Энэ нь нотолгоонд суурилсан бодлогын хэлэлцүүлгийг сулруулж, гуравдагч хөршийн хамтын ажиллагаа, түншлэлд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, дотоод нийгмийн хуваагдлыг гүнзгийрүүлэх эрсдэлийг үргэлж дагуулж байдгаараа хэмжихийн аргагүй хор уршигтай.
Цаашлаад Монголын мэдээллийн орчинд өрнөж буй үзэгдэл нь санамсаргүй биш, зорилтот, бүтэцтэй нөлөөллийн хэлбэрт шилжсэнийг харуулж байгаа юм. Хуурамч болон сэтгэл хөдлөлд тулгуурласан мэдээлэл бодит, баримтад суурилсан контентоос хэд дахин илүү тархаж байгаа нь нийгмийн мэдээллийн дархлаа сул байгаагийн илрэл. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл зөвхөн мэдээллийн хэрэглээ бус, хөгжлийн бодлогын талаарх олон нийтийн итгэл, стратегийн шийдвэрүүд хүртэл гадаад нөлөөлөлд эмзэг болох эрсдэл нэмэгдэнэ.
Яагаад суртал ухуулгад анхаарах ёстой гэвэл энэ нь нийгмийг олон жижиг хэсэгт хувааж, нэгдмэл байдлыг сулруулдгаараа урт хугацаандаа маш хортой гэж үздэг. Иймээс мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, баримтад суурилсан сэтгүүл зүйг дэмжих нь үндэсний хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай асуудал болж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх