Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Цолмон дараах мэдээллийг өгөв. 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд /Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Орос/ хоорондын худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан байна. 

Үүнээс 222 нэр төрлийн бараа нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 94 хүнсний бүтээгдэхүүн, 51 эрдэс химийн бүтээгдэхүүнүүд байгаа ба 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байгаа аж. 

Худалдааны түр хэлэлцээртэй холбоотойгоор баталсан аргачлалаар барааг импортолж гарал үүслийн гэрчилгээг хавсаргасан тохиолдолд дөрвөн цагийн горимын баталгаажуулалтаар барааг эзэнд нь олгох зохицуулалтыг тусгасан байна.

Мөн түр хэлэлцээрт хамаарах 367 барааны жагсаалтыг гаалийн бүрдүүлэлтийн системд оруулж бүртгэлжүүлжээ. Ингэснээр гаалийн бүрдүүлэлт маш түргэн шуурхай явагдана гэв. Иймд бизнес эрхлэгчид бараагаа аль болох урьдчилан цахимаар мэдүүлэхийг анхааруулав. Ингэснээр барааг хилээр оруулахаасаа өмнө тухайн бараатай холбоотой мэдээллийг гаалийн систем рүү оруулснаар дөрвөн цагийн горимын хугацааг багасгах, татвараа тооцоолох хугацааг богиносгох ач холбогдолтойг санууллаа. 

Барааны гарал үүслийн гэрчилгээ болон бараан гарал үүслийн мэдүүлэг гэсэн хоёр баримтаар тарифын хөнгөлөлтийг үзүүлэх юм байна. 

Тарифын хөнгөлөлтийг үзүүлэх гол шалгуур нь:

  • тухайн таван улсын гарал үүсэлтэй гэдгийг нотлох бичиг баримтаар баталгаажуулсан байх ёстой. 
  • тухайн улсаас шууд ачигдсан байх ёстой 
  • гарал үүслийн гэрчилгээг 12 сарын дотор нөхөн гаргаж өгөх 

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу Бараа тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 6 оронгийн түвшинд 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг шууд тэглэх, бууруулах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, хөнгөлөлт эдлүүлэх зэрэг дөрвөн төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгасан байна.  

Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалтыг Энд-ээс үзнэ үү 

ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт  

Монгол улсаас ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 367 барааны жагсаалт