Үндэсний Статистикийн Хорооны хувьд мэдээлэл авах эрхийг бодитоор хангах байдал 93, нээлттэй өгөгдлийн ашиглагдахуйц байдал, шинжилгээ хийх, дахин ашиглах боломж 79, мэдээлэл авах эрх 65, нийт 79 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн байна.

Харин Усны газар, Жендерийн үндэсний хороо, Соёл, урлагийн газар, Багахангай дүүрэг, Жижиг, дунд үйлдвэрийн газар зэрэг байгууллага сүүл мушгижээ.

Цахим ил тод байдлын индексийн зорилго нь төрийн байгууллагуудын цахим орчинд нийтэлж буй мэдээллийн хүртээмж, бүрэн байдал, стандартчилал, иргэдийн мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийн түвшнийг нэгдсэн тоон аргачлалаар үнэлж, төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид болон иргэдэд нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэх, сайжруулалтын чиглэлийг тодорхойлох аж.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Дэлхийн банкны судалгаанд үндэслэн цахим ил тод байдал нь дөрвөн үндсэн чиглэлд онцгой ач холбогдолтой гэж үздэг байна. Тухайлбал хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд, авлигатай тэмцэхэд чухал нөлөөтэй. Мөн мэдээллээр хангагдсан иргэд бодлого боловсруулалт болон шийдвэр гаргах үйл явцад илүү үр дүнтэй оролцох боломж олгохоос гадна төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг сайжруулж, иргэдийн мэдээлэл авах үйл явцыг хялбарчилдаг аж.

Мониторингийн тайлантай энд дарж танилцана уу.