Нийт 18 сая гаруй саналын хуудсыг тоолсны дараах байдлаар Фүхимори өрсөлдөгчөө маш бага зөрүүгээр буюу 50,000 хүрэхгүй тооны саналаар давамгайлсан байна.

Даваа гарагт сонгуулийн эцсийн дүн гарсны дараа 51 настай Фүхимори улс орондоо “дэг журам, итгэл найдвар” сэргээхийг амлажээ.

Ерөнхийлөгч Альберто Фүхимори агсны охин тэрбээр дөрөв дэх удаагийн оролдлогоороо Перу улсын ерөнхийлөгч болж байна.

Сүүлийн үед Латин Америкийн орнуудад улс төрийн барууны үзэл баримтлагчид дараалан сонгуульд ялж байгаагийн сүүлийнх нь Фүхимори болж байгаа юм.

Гэмт хэрэг, улс төрийн тогтворгүй байдалд нэрвэгдсэн Перу улс сүүлийн арван жилийн дотор найм дахь ерөнхийлөгчөө үзэж байна.

Фүхимори жил бүр өсөн нэмэгдэж буй гэмт хэрэгтэй эцэг шигээ хатуу гараар тэмцэхээ амлажээ.

Альберто Фүхимори хэт инфляцыг бууруулж, Маоист босогчдыг нухчин дарсан гавьяатай гэгддэг ч хожим терроризмтой тэмцэх нэрээр хүний эрх зөрчиж, авлига авсан хэргээр шоронд хоригдож байсан юм.

Түүний охин долдугаар сарын 28-ны өдөр тангараг өргөснөөр Перу улсыг таван жил удирдах эрхтэй болох гэж байна.

Кэйко аав, ээж хоёр нь салсны дараа 19 настайдаа Перугийн тэргүүн хатагтай болж байв. Тэрбээр АНУ-д бизнесийн удирдлагаар суралцсан юм.

Фүхимори бол Перу улсын нийгэмд брэнд болсон нэр боловч дэмжигчид болон үзэн ядагчдын аль алиных нь томоохон баазыг бий болгосон байдаг. Тиймээс эцэг Фүхиморигийн үед хохирсон хүмүүс охиных нь улс төрд орох замд саад учруулсны улмаас өмнө нь ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа ялагдаж байжээ.