Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг 75 хувьтай бөмбөг эзэмшээд хаалга руу нийт 21 удаа цохиж, 16 удаа булангийн цохилт гүйцэтгэсэн ч 54 дахь минутад Кай Хаверцын гоолоос хойш дахин нэмж чадаагүй юм. Харин Парагвайн шигшээ багаас 44 дэх минутад Хулио Энсисо гоол оруулсан юм.

Улмаар үндсэн цагийн үлдсэн хугацаа болон нэмэлт цагт гоол ороогүй тул хоёр багийн тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэх болов. 

Харин торгуулийн цохилтоор дэлхийн чансааны 12-т яваа германчууд чансааны 33-т жагсаж буй Парагвайд дийлдэв. Ингэснээр германчууд ДАШТ-ий түүхэндээ анх удаа торгуулийн цохилтоор ялагдлаа.

Парагвайн хаалгач Орландо Жилл эсрэг багийн Кай Хаверц, Ник Уолтмэйд нарын цохилтыг хаасан бол Жонадан Тагийн цохилт хөндлөвч оносон юм. Харин Парагвайн шигшээгээс Санабриа, Балбуена нар цохилтоо алдсан ч бусад нь үүргээ гүйцэтгэснээр шөвгийн 16-д шалгарав.

Германчууд 1976 оны тивийн аваргын шигшээд тухайн үеийн Чехословакийн шигшээд торгуулийн цохилтоор хожигдсоноос хойш зургаан тэмцээн дараалан торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө хожсон түүхтэй. Харин анх удаа ДАШТ-ээс торгуулийн цохилтоор хасагдаж буй нь энэ.

Тус хоёр баг өмнө нь 2002 оны шөвгийн 16-д учраа таарахад тэр жил дэд аварга болсон Германы баг Өмнөд Америкийн өрсөлдөгчөө 1:0-ээр хожсон билээ. Үүнээс 24 жилийн дараа парагвайчууд хариугаа авлаа.