Монгол улсын хүнсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалтын салбарт инновац, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, 2,500 гаруй ажлын байр бий болгосон ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Дамжин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдав.

ТЭСО групп нь 1996 онд зайрмагийн торхон аяганы тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн гараагаа эхлүүлж байжээ. Өдгөө 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, олон улсын түвшинд өрсөлдөхүйц үнэ цэн бүтээж, 30 гаруй салбар компанитай үндэсний хэмжээний баялаг бүтээгч групп болон хөгжсөн байна.

ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин:

“Энэхүү эрхэм хүндтэй шагнал нь ТЭСО Группийн хөгжилд гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт хамт олны маань хөдөлмөр, тууштай зүтгэлийн үр дүн юм. 30 жилийн турш хамтын үнэ цэнийг бүтээлцсэн ТЭСО Группийн нийт хамт олон, эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье. ТЭСО Групп цаашид ч дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг олон улсад таниулан, хамтын үнэ цэнийг бүтээх болно” хэмээн онцоллоо.