Ажиллах хүчний судалгааны 2026 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 61.5 (1.4 сая) хувь нь ажиллах хүч, 38.5 (906.2 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам юм.

Ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурсан ба нийт 1.4 сая ажиллах хүчний 94.5 (1.3 сая) хувийг ажиллагч, 5.5 (79.3 мянга) хувийг ажилгүй иргэн бүрдүүлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1 нэгж хувиар буурчээ. Харин ажиллах хүчнээс гадуурх 906.2 мянган хүний 5.5 (50.1 мянга) хувь нь боломжит ажиллах хүч буюу ажил хийх хүсэлтэй ч тодорхой шалтгаанаар ажил хайгаагүй эсвэл шууд ажил хийх боломжгүй байсан хүн ам байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүдээс харахад, 2026 оны 2 дугаар улиралд ажилгүй иргэн өмнөх оны мөн үеэс 13.4 мянган хүнээр, боломжит ажиллах хүч 25.9 мянган хүнээр тус тус өссөн бол цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 741 хүнээр буурсан аж.