“Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын хүрээнд бичиж буй номын хэсгээс.
Яг гурван жил тээврийн тэрэг барьсан байгаа юм. Кабиндаа францын ном, уран зохиол авч явдаг, францын жуулчдын (1969 оны зун шиг байгаа юм) автобус төөрөөд зам асууж, зам газарчилахад нь франц номыг нь цаадуул нь олж үзчихээд францаар ярилцаж бөөн сенсаац дэгдээлгэсэн тухай аман хууч яриа ганцаар тогтохгүй (өөр өөр зохиомжоор) яригддаг юм билээ. Цаад гадаад зочид нь Өвөрхангай руу Хархорин, Эрдэнэзуу, Улаан цутгалан орж явсан бололтой юм ярьдаг. Машины кабины хаалга дэлгээтэй жолоочийн суудал дээр франц роман дэлгээтэй байсныг нэг франц нөхөр олж хараад бариад ирж гэнээ, тэгээд асуужээ, мань хүн хариулжээ гэсэн яриа түгээмэл. Ги де Мопассаны роман гэж мэтгэх хүн ч таарч байсан.
Номын баримт материал цуглуулж явахдаа аман түүх хоёр янзыг олж сонссон. Эхний нэг түүхээр бол францын жуулчдын дотор францын “Пари Матч” (“Paris Match”) сэтгүүлийн нэг ажилтан явсан гэх. Тэрээр социалист Монголын хөдөөгийн нэг жирийн жолооч нь франц роман машиндаа уншаад явж байдаг тухай сэтгүүлдээ сонирхуулж бичсэнийг (энэ монголчууд чинь яасан их гэгээрсэн, боловсорсон ард түмэн бэ, Монголыг даан ч ийм гэж зүүдэлсэнгүй, нүүдэлчин Монголын тухай уламжлалт европ сэтгэлгээ хоцорчээ гэх мэт утгаар) зөвлөлтийн “Азия и Африка сегодня” сэтгүүл 1969 оны № 9 дугаартаа хөрвүүлж тавьсан. Хоёр дахь аман түүх. МАХН-ын урилгаар Францын Коммунист Намын (ФКН) төлөөлөгчид айлчлан ирээд Өвөрхангай руу аялж явахдаа замдаа төөрсөн. Аварзэдээр зам заалгуулсан. Төлөөлөгчдийн дотор ФКН-ын төв хэвлэл “Юманите” (L’Humanitе-“Хүмүүн төрөлхтөн”) сонины сурвалжлагч явсан, тэр нь нутагтаа очоод тийм мэдээ сониндоо тавьсныг орос нөхөд олзуурхан орчуулсан гэсэн бас нэг верси байна. Франц хэлтэй монгол жолоочийн тухай францын хэвлэлд мэдээ тавигдсанаар хэрэг дээрээ Аварзэд нь тэр үедээ эх орныхоо нэр хүнд, имижийг дэлхийд өргөсөн гавьяатай хэрэг мөнөөсөө мөн л дөө.
“Азия и Африка сегодня” сэтгүүлийн архивын сайт руу нэвтэрч үзтэл нэвтрэх тоолонд олон янзын тайлбар гарч ирээд байна. Асуулга тавихад эхний хариулт нь ийм байна:
- Францаар тайлбарлах гэж оролдож байсан Аварзед нэртэй Монголын жолоочийн тухай Та зөвлөлтийн зохиолч, эсвэл фельетоны инээдтэй, хошин түүх хайж байж магадгүй.
- Тэгвэл түүнтэй чинь төстэй инээдтэй, бас аян замын нэг тэмдэглэл “Азия и Африка сегодня” сэтгүүлд нийтлэгдсэн байгаа гэсэн байх юм.
Энд “юмористический рассказ”, “сатирические заметки” гэж бичсэнийг би л лав ойлгосонгүй. Яахлаараа юмор, сатир болоод явчхав. Яагаад инээдтэй, шог хошин түүх гэж? Оросын сэтгүүл юуг нь онцлов. Түүх сөхвөл социализмын үед гадаадынхныг тэгтлээ гайхшируулсан түүх тийм олонгүй. Миний мэдэхээс НҮБ-д эх орноо төлөөлж ажилласан И.Очирбал “хэрэг тарьж” хөөгдөж ирээд Өмнөговь аймагт сум нэгдлийн орлогч дарга байхдаа америкийн анчидтай хээр таарч нүдийг нь орой дээр нь гаргасан гэж ахмад Элчин сайд И.Очирбал гуай номдоо дурссан байдаг. Хоёр дахь С.Аварзэд гуай. “Хоцрогдсон Монгол”, “тээврийн тэрэгний жолооч”, “тэгээд франц хэлтэй” гэсэн утга л ээрээд байна.
“Азия и Африка сегодня” сэтгүүлийн архивын сайт руу эргэж оръё. “Шофер из Улан-Батора” (зохиогч Б.Кораблев) гэсэн найруулалд Монголын алдарт жолооч С.Аварзэдийн тухай өгүүлнэ. Гадаадын жуулчид, төлөөлөгчидтэй харилцаж байхын тулд франц хэлийг удаан жил уйгагүй үзэж, тэгснээрээ 1960-аад оны Монголын тухай бичсэн зөвлөлтийн сэтгүүлчдийн дунд домог болсон хүн гэсэн байх юм. “Шофер из Улан-Батора” (автор Б.Кораблев) найруулал бол зөвлөлтийн утга зохиол-нийтлэлийн өгүүллэг. Зөвлөлтийн мэргэжилтний дэмжлэг, монголын анхны жолооч нарын хүч хөдөлмөрөөр босож ирж төлөвшсөн Монголын авто тээврийн салбар дахь интернационалч найрамдлын тухай энэ бүтээлд өгүүлнэ гэжээ.
Бас нэг тайлбар. Монголын алдарт жолооч “Сономин Аварзед”-д зориулсан нийтлэл хэмээн бичээд францаараа “L'Asie et l'Afrique aujourd'hui” сэтгүүл ийм нэртэй гэсэн тайлбар байна. Энэ бол Сономин Аварзед-ийн эгэлгүй, бүр гайхамшигт түүх бөгөөд Монголын Гадаад хэргийн сайд асан тэрээр өршөөлгүйгээр унаж, тушаал бууж жирийн жолооч болсон. Зорчигчдоо хүлээн кабиндаа сууж байхдаа ямагт франц ном уншдаг байсан. Энэ бол Монголын төрийн зүтгэлтэн, Гадаад хэргийн сайд, мөн жолооч Сономин Аварзед (1922–1989) гэсэн нэг тайлбар сайтад явж байна. Нэрийг нь оросжуулж бичсэнийг нь би зассангүй. Цаашаа юу гэсэн бэ гэвэл 1958 онд өндөр суудлаасаа унаад жирийн жолоочоор нэг муж руу (аймгийг оросоор муж гэж буулгажээ) цөлөгдсөн. Ачааны тэрэгний ердийн нэг жолооч кабиндаа францын уран зохиол оригоор нь уншаад сууж байхыг хараад Монголд аялж явсан францын хэвлэлийн сэтгүүлчид үнэхээр гайхсан гэжээ.
Орос тайлбарт нэг нууц байна. Юу гэвэл тэр өндөрлөгөөс шууд уруудаад жолооч болсон ажилчин хүний дүр гараад ирж байна. Уг нь сайдаасаа буугаад шат дамжлага дамжсаар 10-аад жилийн дараа тэр үед ШУА-д ажиллаж байхдаа өөрөө сайн дураараа жолооч болсон юм билээ.
Оросын сайтын тайлбарт бичжээ. Энэ бол дорно дахины судлалын, бас дипломатын анекдот маягийн түүх. Завсарлагаараа машиндаа суугаад франц ном шимтэн унших жирийн жолооч Монголд угтсан нь франц сэтгүүлчийг үнэхээр гайхшируулсан.
Цаашаа бичжээ. Аварзед өөрөө бол зөвлөлтийн гайхамшигт боловсролыг хүртсэн, франц, орос хэлийг оролцуулаад хэд хэдэн хэл эзэмшсэн. Эрдэмтэй хүний сэтгэл хөдлөм энэ түүхийг түүх-намтар судлалын нийтлэлдээ байнга дурдаж буй гээд энэ түүхийг нарийвчилбал гэж байгаад дараахи мөрүүдийг тэрлэжээ.
- Бие хүн: Сономин Аварзед (1922–1989). БНМАУ-ын Гадаад хэргийн сайдаар 1957-1958 онд ажилласан Монголын улс төрч.
- Хувь төөрөг: Улс төрд буруутаж буугаад цөллөгт байсан, жирийн жолоочоор ажилласан, Аварзед нь мэдлэгт тэмүүлэхээ орхиогүй, гадаад хэлэнд суралцахаа орхиогүй.
- Хэл яаж сурсан бэ: Багштай ажиллах боломж байсангүй. Тэгэхлээр нь сурах бичиг, толь бичиг ашиглаж бие дааж франц хэл үзсэн, радио нэвтрүүлэг сонссон, тэр үед Монголд ажиллаж байсан гадаадын мэргэжилтнүүдтэй харилцаж байсан.
- Францын сэтгүүлч: Жирийн жолоочтой танилцлаа гэсэн чинь франц хэлээр уйгагүй ном уншдаг болж таараад, гайхсандаа гадаадын сурвалжлагч энэ тухай өгүүлэл бичиж, монголчуудын боловсролтойг бахархан магтжээ.
- Энэ түүхийн мөн чанар: Сурахад ийм хүнд хэлийг тэр уйгагүй хөдөлмөрч чанараараа сурч эзэмшсэн төдийгүй францчуудыг үнэхээр гайхшируулсныг чөлөөтэй тайлбарлан гаргажээ.
- Ач холбогдол: Монголын жирийн хөдөлмөрчдийн дунд мэдлэгт тэмүүлэх, өөрийгөө гэгээрүүлэх үлгэр жишээ болсон түүхийг зөвлөлтийн ба гадаадын уншигчдад зориулав гэжээ.
Энэ түүхийн ориг текст нь “Азия и Африка сегодня” сэтгүүлийн архивт бий, томхон номын сангийн фондуудын каталог шүүхэд гараад ирнэ. Оросын Улсын номын сангийн болон ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн электрон каталогт байгаа.
Монголын Гадаад хэргийн сайд асан Содномын Аварзэд бол улс төрийн хувьд буруутаж буугаад жирийн жолооч болсон ч оюун ухааны болон гадаад хэлний гайхамшигт ур чадвартай. Дипломат байсан болон Хятадтай хилийн демаркац тогтооход оролцсоноо нууж танилцсан эрдэмтэй жолоочийн тухай зөвлөлтийн найруулалд бичлээ гэжээ.
- Зохиогч миний бяцхан тайлбар байна. Зөвлөлтийн сэтгүүлийн бичлэг тодорхой зорилготой. Аварзэд гуайгаар социалист монголын ажилчин ангийг дэлхийд сурталчлах коммунист үзэл суртлын зорилго агуулсан мэт. Тэрээр Москвад ОУХДС-д олон улсын эрх зүйч-дипломатчаар 6 жил суралцахдаа франц хэлийг нэгдүгээр хэлээр сонгон авч заалгасан гэдгийг энд бичилгүй жирийн ажилчин жолооч хүн социалист Монголд бие даагаад франц хэл сурчихсан гэж өгүүлжээ. Гэтэл бас зөвлөлтийн гайхамшигт боловсролоос хүртсэн гэж байгаа. Энэ мэт зөрчилтэй мэдээ байна. Ард ч бий.
- Улс төрийн агуулгаараа ноцтой нэг түүхийг зориуд орхигдуулжээ. Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд Монголын төлөөлөгчдөө ахалж оролцсон, хилийн асуудлаар Зөвлөлтийн Элчин сайд В.М.Молотовтой ана мана үзэлцэж бууж өгөхгүй байсаар огцорсон гэдгийг “Азия и Африка сегодня” сэтгүүл мэдээгүй байлаа гэж үү? Харин ийм найруулал хэвлэснээрээ С.Аварзэдэд Зөвлөлт засгийн газар хонзон санаж хоцроогүй, одоо цагаатгахад болно гэсэн далд дохиог тухайн үеийн БНМАУ-ын эрх баригчдад өгөхийг зорив уу? Ийм хар надад бууж байна.
Сэтгүүлийн архивын сайтын тайлбарууд руугаа эргэж оръё. Зохиолын баатар бол нэртэй жолооч-орчуулагч Дашзэвэгийн Аварзэд. Хэд хэдэн гадаад хэл (франц гэх мэт) мэддэг, БНМАУ-ын “заслуженный шофер” (гавьяат тээвэрчин гэж дээр үед байсан даа, тэр юм болов уу), капитал завсарт орохгүйгээр олон зуун мянган километр туулсан саятан жолооч нарын нэг. Түүний тухай “Азия и Африка сегодня” сэтгүүлд бичсэнээс гадна тэр үеийн зөвлөлтийн нийтлэлчдийн хэд хэдэн эмхэтгэлд орсон гэжээ. “Дашзэвэгийн” гэж яагаад тэгж андуурагдав, бас саятан жолооч, гавьяат энэ тэр нь хэтрүүлэг үү? Тэгснээ ганц энэ сэтгүүлд бус өөр ном эмхэтгэлд бичигдэж байсан болж таарлаа. Тэгсэн л байгаасай.
Яагаад заавал франц хэлээр гэдэгт ийм тайлбар байна. Аварзэд нь жолооч мөртлөө төрөлхийн хосгүй гэдгээрээ алдартай. Тэрээр олон жил хүнд ачааны машин жолоодсон, гэхдээ төрөлхийн авьяастай, гадаад хэл идэвхтэй үзсэн, ялангуяа франц хэлийг, гадаадын төлөөлөгчидтэй харьцаж байсан, гадаадын хэвлэл уншдаг гэж онцолжээ.
Сайтын мэдээлэл үзэж байтал үнэмшихэд хэцүүхэн Ганжуурын Аварзэд гэдэг Хөдөлмөрийн баатар жолоочийн тухай Леонид Широков гэдэг сэтгүүлчийн бичсэн бас нэг найруулал “Азия и Африка сегодня” (1969 оны № 1) сэтгүүлд гарсан гэж байна. Бас л орчуулагч-жолооч, Европын хэд хэдэн улсаар, түүний дотор Францад машинаараа аялсан, олон улсын рейст явж байсан. Францад ажлын шугамаар очихдоо зөвхөн ачаа хүргэх биш, францын оршин суугчидтай ярилцдаг, хэлний бэрхшээлийг үл харгалзан францын ажилчид, сэтгүүлчидтэй хэл амаа ололцдог, франц үг олныг мэддэг, сайхан сэтгэлээ илэрхийлж чаддаг, энэ нь социалист лагерийн орнуудын хөдөлмөрчдийн ах дүүсэг ёсны тухай, Зөвлөлт-Монголын хүн ард энх тайвны төлөө гэсэн зөвлөлтийн суртал ухуулгын онц сайн жишээ гэхчлэн бичжээ. 1969 он шүү дээ.
Бичиж буй номын хэсгээсээ сонирхууллаа. Дараа Монголын анхны цаначдын нэг (4 хүн) С.Аварзэд 440 км зам туулж Буриадын Наушкаас Улаанбаатар хүртэл 1941 оны нэгдүгээр сард хөр цасан дунд аялж ирсэн түүх хөндөнө.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий