Монгол Улсад 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Путины хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрүүдийг байгуулсан. “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийн төсөлд нийлүүлэлтээс гадна татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах зохих заалтууд тусгагдсан байна. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлж, гишүүдээс ирүүлсэн саналын дагуу ОХУ-ын талтай нэмэлт хэлэлцээ хийсэн болохоо тодотгов. Үүний үр дүнд хэлэлцээрийн үндсэн эх болон түүнд өөрчлөлт оруулах 6 зүйл бүхий протоколын төслийг эцэслэн тохиролцжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 81 дүгээр захирамжаар олгосон эрхийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй тус протоколд гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээрийн ач холбогдлыг тэрбээр танилцууллаа. Агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэх юм байна. Олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр, зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх аж. Төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг хариуцах юм байна.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед дээрх хоёр хэлэлцээр хамтдаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийт хангамжийн аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Г.Дамдинням сайд тэмдэглэлээ. Иймд агаарын тээврийн салбарын хөгжлийг дэмжих, шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор боловсруулсан тус хэлэлцээрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлцэл хийхээсээ өмнө Улсын Их Хурал дээр урьдчилан хэлэлцэж, хүрээ хязгаараа тогтоож байх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байв. Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээр гэхээсээ илүүтэй хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. Д.Ганбат гишүүн, цаг үе ойрхон өөрчлөгдөж байгаа онцгой нөхцөл гэдгийг тооцож, хэлэлцээр соёрхон батлахын оронд маш үр дүнтэй хамтран ажилладаг хувийн хэвшлүүддээ боломж олгож байх саналтай байгаагаа хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Эдгээр хэлэлцээр соёрхон батлагдахтай зэрэгцээд түлшний хангамжийн талаарх гэрээ бүрэн дүүрэн хэрэгжих, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдэх гэдэг нөхцөлтэйгөөр уг асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Тэрбээр "Хоёр улсын харилцааны асуудал учир гадаад явдлын яам энэ асуудлыг ярьдаг баймаар байна. Аж үйлдвэрийн сайдад шууд хамааруулж болохгүй. Төмөр зам, Эгийн гол төслийг үүнтэй уялдуулаад урагшлуулсан байх ёстой. Г.Дамдинням сайд та байгууламж гэдэг зүйлийг тодорхой болгож оруулах хэрэгтэй. Нисэх буудалд өмч өгч огт болохгүй. Энэ гэрээг бид нөхцөлтэйгөөр дэмжих нь зөв. Энэ гэрээ батлагдахтай зэрэгцээд дизель түлш, бензиний хангамжийн гэрээ "амилах" ёстой. Эгийн голын цахилгаан станцын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ хоёр асуудалтай уялдуулж ОХУ-ын талын саналыг Монголын парламент дэмжих хэрэгтэй" гэв. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 17 гишүүний олонх буюу 70.6 хувь нь Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.