Олон улсад нэг сарын хугацаанд нээлттэй тендер зарлахад таван аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс хоёр нь шаардлага ханган тунаж үлдсэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Улмаар уг хоёр аж ахуйн нэгжийг хураангуй жагсаалтад орсныг баталгаажуулан урилга хүргүүлэх шийдвэр гарчээ. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг илгээж, саналыг нь авснаар эцсийн байдлаар үнэлэншалгарсан нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээ хийх төслийг эцэслэж, Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулах юм байна. 

Сайд Г.Дамдинням

"Гангийн үйлдвэр нь Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна. Бид байгалийн баялгаа түүхийгээр нь олборлоод гадаадад экспортолдог биш, өөрсдөө дотооддоо боловсруулдаг байх Засгийн газрын бодлогын том хэсэг байх болно. Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ялагч тодорсон. Засгийн газрын ажлын хэсэг хэлэлцээ хийж байгаа. Үргэлжлүүлэн хөнгөн цагааны аж үйлдвэрийн төслийн шаардлагатай газрыг тусгай хэрэгцээнд авах, зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг шийдэж байгаа. Алт боловсруулах үйлдвэр мөн яригдана"

гэлээ.

Түүнийг Засгийн газрын шийдвэрийг танилцуулсны дараа Халзан бүрэгтэй төслийг зогсоосон гэх мэдээллийн талаар сэтгүүлчид тодрууллаа.

Ингэхэд сайд Г.Дамдинням "Төслийг бүрэн хэмжээнд зогсоосон зүйл байхгүй. Зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа хөрөнгө оруулагчдыг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах ёстой. Хуулийн дагуу ажиллаж байгаа бол хамгаалах өмгөөлөх асуудлыг ч ярих ёстой. 

Халзан бүрэгтэй төсөлтэй холбоотойгоор олон нийтэд асуудлууд үүсэж байгаа. Манай яамны хяналт хэрэгжүүлэх бүтцээс ажлын хэсэг очиж шалгахад хэд хэдэн зөрчил гарсан.

  1. Орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тухайн орон нутагтай заавал гэрээ байгуулах ёстой байдаг. Энэ үүргээ биелүүлэх ёстой.
  2. Хайгуулын үеийн нөхөн сэргээлтээ дутуу гүйцэтгэсэн байна. Хүн болон байгальд аюул эрсдэлтэй байгаа байдлыг засах чиглэлд ахиц гаргаж, стандарт нормоо мөрдүүл гэдэг даалгавар өгч үйл ажиллагааг нь түр зогсоосон.

Энэхүү ажлын хэсгийн тайлан хуулийн хугацаагаар долдугаар сарын 15-ны дотор гарна. Үүний дараа тухайн аж ахуйн нэгж нь ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхээ тайлагнана. Ингэж байж цаашид нээгдэх эсэхийг нь ярина" гэв.