Нийслэлийн 2026 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол оруулах гэж байна.

НИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн танилцуулснаар нийслэлийн төсвийн орлого “Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан”-гийн эх үүсвэр болон төсөвт байгууллагын өөрийн орлого зэргээр нийт 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол хөрөнгийн зардлаас 443.2 тэрбум төгрөгийг хэмнэжээ.

Хэмнэсэн зардлыг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар төсвийн тодотголд тусгасан байна.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат

“Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 5 дугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний зардлын санхүүжилтийг Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулахаар төсөвлөсөн”

гэв.

Үүнээс гадна дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэж зөвхөн нийтийн тээвэрт сард 1.8 тэрбум, он дуустал 15 тэрбум төгрөгийн зардлын өсөлт гарчээ. Мөн хот нийтийн аж ахуйн чиглэлийн ус суваг, хот тохижилт гээд дизель түлш хэрэглэж байгаа газруудын асуудлыг төсвийн тодотголоор шийдэх юм байна.

Эдгээр байгууллагын үйл ажиллагааны шатахууны зардал 32 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Төсвийн тодотголын төслийг НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдэхээр болов.