“Их Үйлсийн Эрэлд Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэн буюу IC Park-ийн бүтээн байгуулалтын хүрээнд 4 га талбайд 10,125 мод тарьж, “Ногоон Улаанбаатар” санаачилгыг дэмжин ажиллаж байна.

Компанийн 20 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан хүүхэд, багачуудын байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл хандлага, бүтээлч сэтгэлгээ, ногоон ирээдүйн талаарх төсөөллийг хөгжүүлэх зорилгоор “Ногоон Ирээдүйн Эрэлд” гар зургийн уралдааныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулжээ.

Уралдаан 5–8 насны ангилалд “Миний ногоон дэлхий”, 9–12 насны ангилалд “Ногоон ирээдүй”, 13–17 насны ангилалд “Манай ногоон гариг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, нийслэлийн өнцөг булан бүрээс нийт 214 бүтээл ирүүлсэн байна.

Нийт ирүүлсэн бүтээлүүдийг ногоон ирээдүй, байгаль хамгааллын үзэл санааг илэрхийлсэн байдал, бүтээлч, өвөрмөц шийдэл, дүрслэл, өнгө будгийн зохицол, техник гүйцэтгэл, насны ангилалд тохирсон ур чадвар, хэрэгжилт зэрэг үндсэн шалгуурын дагуу үнэлэв.

Шалгаруулалтын үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах зорилгоор бүтээлүүдийг дүрслэх урлаг, дизайн, гэрэл зургийн чиглэлээр мэргэшсэн шүүгч тус тусдаа бие даан үнэлжээ. Шүүлтийн явцад оролцогчдын нэр, нас болон бусад хувийн мэдээллийг шүүгчдэд харагдахгүй байхаар зохион байгуулж, бүтээл бүрийг зөвхөн бүртгэлийн кодоор таних нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд шүүгчид хоорондоо зөвлөлдөхгүйгээр үнэлгээ өгч, дүгнэлтээ гаргасан байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол зургийн багш Б.Батбаяр ажилласан бөгөөд Дүрслэх урлагийн дээд сургуульд мэргэжил эзэмшсэн тэрээр “Баатарын хаалга”, “Гэсэр Жангар”, “Хийморь” зэрэг үзэсгэлэнд оролцож, хүүхэд багачуудад дүрслэх урлагийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай уран бүтээлч юм.

Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд мэргэжил эзэмшсэн үйлдвэрлэлийн дизайны мэргэжилтэн С.Батцэцэг шүүгч “Миний дэлхий”, “Let’s Love”, “Миний дэлхий 2” зэрэг үзэсгэлэнд бүтээлээ дэлгэн үзүүлж, дүрслэх урлаг, дизайны чиглэлээр олон жилийн турш уран бүтээл туурвиж иржээ.

Түүнчлэн гэрэл зурагчин, зураасан зургийн багш, Соёлын тэргүүний ажилтан В.Цэнд-Аюуш шүүгчээр ажилласан бөгөөд Дүрслэх урлагийн дээд сургуульд боловсрол эзэмшихийн зэрэгцээ Соёл урлагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. В.Цэнд-Аюуш шүүгч олон улсын болон үндэсний хэмжээний гэрэл зургийн төсөл, үзэсгэлэн, уралдаанд амжилттай оролцож байсан туршлагатай уран бүтээлч юм.

Ийнхүү мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий шүүгчдийн хараат бус үнэлгээнд үндэслэн шилдэг бүтээлүүдийг тодруулсан нь уралдааны шударга, ил тод байдлыг бүрэн хангаж ангилал тус бүрээс шилдэг болон онцлох бүтээлүүдийг тодруулж, нийт 35 уран бүтээл шагналт байрт шалгарлаа.

Мөн уралдаанд ирүүлсэн нийт 214 бүтээлээр 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал гар зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн толилуулж, хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээ, эх дэлхийгээ хайрлах үзэл санаа, ногоон ирээдүйн талаарх төсөөллийг олон нийтэд хүргэсэн юм.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь зөвхөн уран зураг төдийгүй хүүхэд бүрийн эх дэлхийгээ хайрлах сэтгэл, байгальтайгаа зохицон орших ирээдүйн тухай мөрөөдөл, ногоон хөгжлийн үнэ цэнийг илэрхийлсэн бүтээлч илэрхийлэл байснаараа онцлог байв.

УРАЛДААНД ШАЛГАРСАН УРАН БҮТЭЭЛЧ ХҮҮХДҮҮД

5–8 НАСНЫ АНГИЛАЛ

ШИЛДЭГ БҮТЭЭЛ

  • Н.Гоонаран – 1-р байр
  • М.Эвзаяа – 2-р байр
  • Б.Оюунтан – 3-р байр
  • О.Аялгуу – Тусгай байр
  • Б.Гэгээлэн – Тусгай байр

ОНЦЛОХ БҮТЭЭЛ

  • Б.Мишээл
  • Г.Нарансолонго
  • Ү.Эмүжин
  • Г.Зөнбилэг
  • М.Ингүүмэл
  • Ө.Ханжигүүр

9–12 НАСНЫ АНГИЛАЛ

ШИЛДЭГ БҮТЭЭЛ

  • Г.Дөлгөөнтамир – 1-р байр
  • О.Ананд – 2-р байр
  • Н.Номтойбаяр – 3-р байр
  • Т.Содцэцэг – Тусгай байр
  • Н.Батнаран – Тусгай байр

ОНЦЛОХ БҮТЭЭЛ

  • Э.Энхцэцэг
  • М.Чингис
  • О.Аялгуу
  • Г.Нинжин
  • О.Сайханбилэг
  • Г.Бодьбилэг
  • Б.Ундрам

13–17 НАСНЫ АНГИЛАЛ

ШИЛДЭГ БҮТЭЭЛ

  • Б.Сувд – 1-р байр
  • Т.Цэрэндорж – 2-р байр
  • Э.Хонгорзул – 3-р байр
  • Б.Ирмүүн – Тусгай байр
  • О.Намуунаа – Тусгай байр

ОНЦЛОХ БҮТЭЭЛ

  • Н.Амаржаргал
  • У.Аялгуу
  • М.Баяр-Эрдэнэ
  • Б.Тамир
  • Г.Золбаяр
  • Т.Шүүдэр
  • Э.Энхзул

Уралдаанд амжилттай оролцож, бүтээлээрээ шалгарсан нийт уран бүтээлч хүүхдүүддээ халуун баяр хүргэе.

Мөн энэхүү уралдаанд өөрсдийн хүсэл мөрөөдөл, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ шингээн оролцсон нийт хүүхэд багачууд, тэднийг дэмжин оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, ногоон ирээдүйн тухай төсөөлөл нь маргаашийн эх дэлхийн найдварын гэрэл бөгөөд биднийг илүү ногоон, илүү тогтвортой хөгжлийн зам руу хөтлөх үнэ цэнтэй хүч билээ.