Уг хуулийн гол өөрчлөлт нь НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх байв. Гэвч байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гаргаж, НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох заалтыг хуулийн төслөөс хасах санал хураалт явуулж, байнгын хорооны гишүүдийн 56.3 хувь нь дэмжжээ.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд танилцуулсан. Ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй санал хураалтыг дэмжих эсэхээр 17:00 цагаас дахин санал хураалт явуулна. Хэрэв Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжихгүй бол НӨАТ-ын суутган төлөгчийн 400 сая төгрөгийн босго хэвээр үлдэнэ.