"А" хэсэгт талбайн эзэн багуудын нэг Мексикийн шигшээ баг эхний хоёр тоглолтын дараа хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон байв.

Гэхдээ тэд талбай дээрээ оноо алдахыг хүссэнгүй. Хэсгийн сүүлийн тоглолтод учраа таарсан Чехийн шигшээг 3:0-ээр илүүрхлээ. Энэ тоглолтод тус багийн ахмад хаалгач Гильермо Очоа гараанд гарсан юм. Өдгөө 40 настай Очоа 2006 оноос хойш зургаан ДАШТ-ий бүрэлдэхүүнд дуудагдсан гуравхан тоглогчийн нэг. Криштиану Роналду, Леонил Мессигийн хамт түүхэнд нэрээ үлдээсэн Очоа зарим жил сэлгээнд суусан тул талбайд гарснаар тооцогдохгүй.

Харин нэгэнт эцсийн үр дүнд хамааралгүй болсон тоглолтод ахмад хаалгачаа гараанд гаргаж хүндэтгэл үзүүллээ. 

Энэ хэсгийн нөгөө хос тоглолтод Өмнөд Африкийн шигшээ баг хожсоноор хасагдах шатанд шалгарав. Тоглолтын хоёрдугаар хагасын 63 дахь минутад Цапело Масекогийн оруулсан гоолын ачаар Өмнөд Африкчууд шигшээ 32-т өрсөлдөх боллоо. Харин шар тивийн төлөөлөл Өмнөд Солонгосын баг гурван оноотойгоор гуравдугаар байр эзэлсэн тул бусад хэсгийн тоглолтын үр дүнг хүлээхээс өөр аргагүй. Одоогоор гоолын зөрүү -1 гэсэн үзүүлэлтээр улаан шугамын дээгүүр жагсаж байна.

"B" хэсэгт Швейцарын шигшээ баг талбайн эзэн Канадыг 2:1-ээр буулган авснаар хэсгээ долоон оноотой тэргүүлж буй. Хэдийгээр хожигдсон ч канадчууд ижил дөрвөн оноотой болсон Босни ба Херцеговиноос гоолын зөрүүгээр илүү тул хасагдах шатанд шалгарав. Босничуудын хувьд хэсгийнхээ гуравт бичигдсэн багуудынхаа оройд жагсаж байна.

"С" хэсэгт Бразилын шигшээ баг Шотландыг 3:0-ээр буулган авснаар Мароккотой ижил оноотой болсон ч гоолын зөрүүгээр урд нь бичигдлээ. Шотланд хэсгийнхээ гуравт жагссанаар үлдсэн тоглолтоос тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эсэх нь тодорхой болно.

ФОТО