Хуульд оруулж буй гол өөрчлөлт:
1 дүгээр зүйл. Газрын тосны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн
“хуваалтыг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулах ба энэ хуулийн 17.3.2-т заасан нөөц ашигласны төлбөр төлөхгүй байгаа гэрээний тухайд төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийн хэмжээг тогтооно.”
гэснийг “хуваалт болон татвар, шимтгэлийг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулна” гэж өөрчилсүгэй.
Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагын тухайд, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 12-т “Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ.” гэж, 3.3.1.6-д “Дорноговь аймагт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, олон улсын стандартын шаардлага хангасан авто бензин, түлшний тодорхой хувийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болжээ.
Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилтын хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээний тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, бүтээгдэхүүн хуваалтаас Засгийн газарт ногдох тосны орлого болон татвар, төлбөрийг давхардуулахгүй байх замаар хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ ордуудыг илрүүлэх, нөөцийг өсгөх, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
Сүүлийн жилүүдэд БХГ-ний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн хөрөнгө оруулалт, олборлолт буурч байгаа бөгөөд гол шалтгаан нь татвар, нийгмийн даатгал, аудит болон бусад хууль, эрх зүйн тогтворгүй байдал, орон нутгийн эсэргүүцэл зэрэг нөлөөлж байна.
Газрын тосны тухай 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан хуулийн дагуу 1993, 1995, 1997 онуудад байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь татварын багц хууль болон бусад хууль тогтоомжуудын өөрчлөлттэй зөрчилдөж эхэлснээр татварын асуудалтай тулгарч байна.
Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хувьд 2013-2024 оныг хамарсан татварын хяналт шалгалтаар нийт 703.3 тэрбум төгрөгийн акт тавигдсан бол 2013-2020 оныг хамарсан нийгмийн даатгалд нийт 7.3 тэрбум төгрөгийн акт тавигдсан байна. Мөн холбогдох татварын хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2013 оноос 2014 оны Газрын тосны тухай хуулийг дагалдан өөрчлөлт орох хүртэлх хугацаанд хилээр оруулсан тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, бараа материалд гаалийн тариф, НӨАТ болох 22.2 тэрбум төгрөг (16.6 сая ам.доллар)-ийг төлсөн. Мөн Тосон-Уул XIX талбайн БХГ-ний 8 дугаар зүйлийн 8.1-д роялти буюу газрын тосны нөөц ашигласны төлбөр нь Засгийн газарт ногдох ашигт газрын тосны хэсэгт багтахаар заасан бөгөөд 2014 онд шинэчлэн батлагдсан Газрын тосны тухай хуульд өмнө байгуулагдсан БХГ-үүдийн төлбөр, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалтын хувь хэмжээг гэрээнд заасан хувь хэмжээгээр зохицуулахаар тус тус заасан. Гэвч Үндэсний аудитын газраас Тосон-Уул XIX талбайн 2014-2018 оныг хамарсан аудитаар газрын тосны нөөц ашигласны төлбөр 66.7 тэрбум төгрөгийг нөхөн төлөх акт тавьсан.
Мөн “Доншен газрын тос (Монгол)” компанийн хувьд мөн адил шалтгаанаар 2012-2023 оныг хамарсан татварын хяналт шалгалтаар нийт 23.8 тэрбум төгрөгийн акт тавигдсан. Мөн түхий тос хуваалтын экспортын цэгтэй холбоотой зардлын ангиллын маргаанаас үүдэлтэйгээр Үндэсний аудитын газраас 2014-2022 оныг хамрах хугацаанд хооронд 12.4 тэрбум төгрөгийн албан шаардлага, акт тавьсан бөгөөд цаашид жил бүр энэ төлбөр нэмэгдэн гарахаар байна.
Дорнод аймгийн Аудитын газраас Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн “Петрочайна Дачин Тамсаг” компанийг гадаад ажилтны квот хэтрүүлсэн шалтгаанаар 5.3 тэрбум төгрөг нөхөн төлүүлэх акт тавьсан бол Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас Бичигт боомт руу түүхий тос тээвэрлэж байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэж 21.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сумын Засаг даргатай байгуулахаар Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасныг үндэслэн Дорнод аймгийн Халх гол, Матад сумдаас нийт 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн.
Эдгээр нөхцөл шалтгаанаас хамааран газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, улмаар ус, цахилгааны төлбөр, хураамж болон ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй болох нөхцөл үүссээр байгаа аж.
“Петрочайна Дачин Тамсаг ХХК” нь БХГ-т Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд нийт 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт (өртөг нөхөгдөх зардал) хийснээс 1.8 тэрбум ам.долларыг өртөгт газрын тосоор нөхөн авч, 2.5 тэрбум ам.долларыг нөхөж авах дутуу байна. “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн хувьд 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд нийт 350.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт (өртөг нөхөгдөх зардал) хийснээс 194.0 сая ам.долларыг өртөгт газрын тосоор нөхөн авч, 156.2 сая ам.долларыг нөхөж авах дутуу байна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээлэгч нь холбогдох татваруудаас чөлөөлөгдөх бөгөөд хэрэв Засгийн газрын аль нэг байгууллагаас шаардсаны дагуу төлсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар нөхөн төлөхөөр зохицуулсан.
Дээрх хоёр компани нь бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаанд нийт 12 сая тонн газрын тос олборлож, 11.5 сая тонн газрын тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтаар улсын төсөвт нийт 3 их наяд төгрөгийг төвлөрүүлээд байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2023 онд 304.2 тэрбум төгрөг, 2024 онд 237.9 тэрбум төгрөг, 2025 онд 231.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2026 оны төсвийн хуулиар 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг Засгийн газраас танилцуулжээ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний суурь зарчмын дагуу татвар, бүтээгдэхүүн хуваалтын орлого хоёрыг давхардуулахгүйгээр нэгэнт үүссэн актуудын төлбөрийг шийдвэрлэх шаардлага үүсжээ.
Иймд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, холбогдох татвар, шимтгэл, актын төлбөрийг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусган бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан Монгол Улсын Засгийн газрын үүргийн дагуу үе шаттайгаар Монгол Улсын Засгийн газарт ногдох газрын тосны төлбөрт суутган тооцох замаар шийдвэрлэх зорилгоор Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай болон тэдгээрийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслөөр дараах харилцааг зохицуулна:
- 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх холбогдох татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох;
- шинэчилсэн Газрын тосны тухай хуулийн зарим зохицуулалт өмнөх гэрээнд шууд үйлчлэхгүй байх эрх зүйн үндсийг тогтоох;
- бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн татвар, нийгмийн даатгал болон аудитын актын төлбөрийг Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд зохицуулах;
- төрийн байгууллага болон гэрээлэгчийн хоорондын эрх, үүргийн хэрэгжилтийг тодорхой болгох;
- өмнө байгуулсан гэрээний тогтвортой байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар дараах эдийн засаг, нийгэм, хууль зүйн эерэг үр дагаврыг бий болгоно:
- Өмнө байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн эрх зүйн орчны тодорхой, тогтвортой байдлыг хангана;
- Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын орчин тогтворжино;
- Татвар, шимтгэл, төлбөртэй холбоотой асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулна;
- Газрын тосны салбарын үйл ажиллагааны тасралтгүй байдал хангагдана;
- Төр болон хөрөнгө оруулагчийн хоорондын маргаан буурна.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нэмэлт зардал үүсгэхгүй бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн төлбөр, тооцоог гэрээний нөхцөлд нийцүүлэн үе шаттайгаар зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Ийнхүү Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг өнөөдрийн 17:00 цагт явуулахаар тогтов.
ШУУД ҮЗЭХ:
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий