- Тусгай замын автобус (BRT) төслийн нийт хөрөнгө оруулалтыг 60-75 сая ам.доллар байхаар тооцсон.
- BRT төслийг 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
- Метро төслийн EPC+F тендерийг 2026 онд зарлаж, 2026 оны 10 дугаар сарын 1-нд нээнэ.
- Дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэл 2026 онд 82% хүрсэн.
- BRT маршрут нь 12.9 км урт, 19 буудалтай.
“Улаанбаатар метро” төслийг 2024–2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2026 онд төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчлэн боловсруулж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг бүрэн боловсруулан батлуулсан байна.
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны Олон Улсын тендерийг 2025 онд зарласан бол EPC+F (Engineering, Procurement, Construction + Financing) нөхцөлтэй хоёрдугаар шатны тендерийг 2026 онд олон улсад зарлаж, тендерийг 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр нээхээр төлөвлөжээ.
Үндэсний боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, ШУТИС-д оюутнууд амжилттай суралцаж буй.
“Улаанбаатар метро” төсөл нь 2026 онд төлөвлөлтийн үе шатнаас хэрэгжилтийн бэлтгэлийн үе шатанд бодитоор шилжиж, төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн үнэлгээг бүрэн баталгаажуулж, олон улсын тендерийг дараагийн шатанд хүргэн, үндэсний инженерийн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлсэн нь төслийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн томоохон ахиц болно гэж үзжээ.
“Тусгай замын автобус” (BRT) төслийг 2025–2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулах хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй судалгааны ажлыг 2025 онд эхлүүлжээ.
Харин 2026 онд ТЭЗҮ-ийг Зам, тээврийн салбарын Техник, технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжүүлж, Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр байгуулснаар төслийн санхүүжилтийг дараагийн шатанд шилжүүлэх эрх зүйн болон санхүүгийн үндэс бүрдсэн байна.
Төслийн Удирдах хороог 2026 онд байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд Нарийвчилсан зураг төсөл (DED), Барилгын хяналт (CS), Нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлт (DOD)-ийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг зарлажээ. Тендерт DED, CS чиглэлээр 13, DOD чиглэлээр 23 байгууллага санал ирүүлээд байгаа бөгөөд үнэлгээний ажил үргэлжилж байгаа аж.
Үндсэн техникийн үзүүлэлтүүдийг шинэчлэн боловсруулж, авто замын уртыг 12.9 км, нийт хөрөнгө оруулалтыг 60-75 сая ам.доллар байхаар тооцсон. Мөн өдөрт тээвэрлэх зорчигчийн хүчин чадлыг өмнөх 25–35 мянган зорчигчоос 140-180 мянган зорчигч болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 километр урттай, 19 буудалтай тусгай замын автобусыг(BRT) явуулах юм байна.
“Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрчимжиж, төслийн нийт гүйцэтгэл 2025 онд 20 хувь байсан бол 2026 онд 82 хувьд хүрчээ.
Төслийн хүрээнд нийт 19 тулгуур баганын угсралтыг бүрэн дуусгаж, буудал болон гараашны барилгын үндсэн бүтээн байгуулалтыг гүйцэтгэн, дотор заслын ажлыг үргэлжлүүлж байна. Мөн 112 тонн ган татлагыг бүрэн угсарч, нийт 98 кабинтай системээс 32 кабиныг гараашинд суурилуулжээ.
Дүүжин тээврийн ашиглалт, засвар үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар Кабель Кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, Францын POMA Academy-тай хамтран инженер, техникийн ажилтнуудыг 2026–2029 онд үе шаттайгаар сургах нэмэлт гэрээг байгуулсан байна.
Хоёрдугаар шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн–Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлын даалгаврыг баталж, санхүүжүүлэгчтэй гэрээ байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
“Улаанбаатар трам” (LRT) төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025 онд 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг (ТЭЗҮ) 2026 онд бүрэн боловсруулж дуусган, Зам, тээврийн хөгжлийн төвөөр магадлуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулжээ.
Төслийн хоёр шугамын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулснаар төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай техникийн болон байгаль орчны үндсэн бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий