Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Соёл, Спорт, Аялал Жуулчлал Залуучуудын Яамны сайд Ж.Алдаржавхлан, Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Дэлхийн таеквондо, Азийн таеквондогийн холбооны удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр Монголын таеквондогийн спортын 35 жилийн түүхэнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, таеквондогийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Дэлхийн таеквондогийн төв "Күккивон"-ы ерөнхийлөгч Юн Үн Сок хүндэт дангийн батламж гардуулав.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр Дэлхийн таеквондогийн холбооны үзүүлэх тоглолтын баг гайхалтай үзүүлбэр толилуулсан юм.
Олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ буюу үзүүлбэрийн төрөл өчигдөр өндөрлөжээ. Манай улсаас энэ төрөлд есөн тамирчин өрсөлдөж, хоёр хүрэл медаль хүртсэн байна. С.Янжиндулам эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд медалийн салхийг хагалсан бол У.Ханд, Ч.Ган-Эрдэнэ нар холимог хосын төрөлд хүрэл медаль хүртэв. Ингэснээр манайхан хоёр хүрэл хүртсэн амжилттайгаар 11-р байр эзэллээ. БНСУ-ын баг 13 алттайгаар итгэл төгс тэргүүлсэн бол Тайланд, Тайвань удаалсан юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх