Өнөөдрийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар түүнд хандаж сэтгэлийн үгээ хэлэв.

Тэрбээр "Б.Пүрэвдагва бид хоёр олон жил хамт нам дээр ажилласан, сайн муугаа маш сайн мэднэ. Өнөөдөр би таныг учиргүй магтахгүй. Бид 2024 онд 40 төлөөлөгчтэй ялалт байгуулсан. Харамсалтай нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлснээр буруутан болоод байна. Энэ бол хэдхэн хүмүүсийн улс төрөөс үүдэлтэй асуудал. 

Таныг МАН-ын сүүлчийн самурай гэж магтан дуулж байна. Танаас өөр нэр цэвэр хүн МАН-д үлдээгүй, энэ 40 хүн бүгд асуудалтай гэлээ. Хүмүүс яг ингэж вакуумждаг, буруу шийдвэр гаргадаг. Өндөр албан тушаалд очихоороо сарын дараа миний мэдэх Б.Пүрэвдагва танигдахын аргагүй болдог. Үүнийг хоёулаа маш сайн мэддэг. Хоёулаа зөвхөн энэ асуудлаар яриад, дарга нараа ийм алдаа гаргалаа гэж байсан зүйл бий.

Удахгүй өвөлжилтийн бэлтгэл ирнэ. Таныг ямар менежмент хийхийг энэ өвөлжилтийн бэлтгэлээс л харна. Хот аж хуйн ажил гэдгээрээ давуу талтай. Улаанбаатар хотыг Засгийн газрын нэг агентлаг шиг байлгаж болохгүй.

Х.Нямбаатар гэдэг хүн ямар ч байсан хоёр жил хотыг удирдлаа. Х.Нямбаатар дарга явахаасаа өмнө бүлгийг хувааж болохгүй, эв нэгдлийг сахих хэрэгтэй шүү гэж захиж үлдээсэн. Үүнд бүлгийн дарга, НИТХ-ын дарга, засаг дарга анхаарах хэрэгтэй. Та бүгдийн гаргаж буй улс төрийн шийдвэрээс болж бүлэг хуваагдах вий. Нэгэнт УИХ нь 30, 38-аар хуваагдчихсан байгаа алдааг давтаж болохгүй. Магадгүй 1, 2 сарын дараа бүлэг нь хуваагдчихсан хотын ажлыг гацаадаг байж болохгүй.

Танд нам улс төрийн туршлага бий, гэхдээ хотыг удирдах туршлага байхгүй. Тиймээс олон жил дүүрэг хорооны даргаар ажиллаж байсан хүмүүсийн зөвлөгөөг авч яваасай. Эрхэм найздаа амжилт хүсье. Саяхан энэ улс төрчдийн алдаа оноог хоёулхнаа яриад дүгнээд сууж байсан бол өнөөдөр та нүүр тулж байна. 

Жил бүрийн сонгуулиар үхтлээ зүтгээд ард нь хоосон үлдэж байсныг тань бид мэднэ. Та ч намайг мэдэж байгаа, би нэг ч удаа албан тушаал дээр очиж байгаагүй" хэмээн ярив.