Тодруулбал 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахыг хуулиар хориглоно. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүүтэр болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцно.

Өмнө нь нийслэлд хэрэгжиж байсан зохицуулалтуудын тухайд нийслэлийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжаар мопед (скүүтэр болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг түрээслүүлэгч байгууллагуудад Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрх олгож, нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ашиглуулах гэрээ байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.

Скүүтер болон мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг “Тапатрип эжэнси” ХХК, “Эко технологи” ХХК, “Хурд хүч” ХХК, “Жэт шаринг” ХХК, “Юү гөү” ХХК, “Безен номт” ХХК гэсэн зургаан компанид олгосон байна.

Ингэхдээ мопед, скүүтэр болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, зорчих зам, эгнээ, зогсоолын талбайг нэмэгдүүлж, тусгаарлах, тэмдэг, тэмдэглэл хийх шаардлагатай газруудад хөдөлгөөнийг хориглох тэмдэг байршуулах, аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, зөрчилд хариуцлагын системийг хэрэгжүүлэх, хурдны хязгаарыг 20 км/ц-аас хэтрэхгүй байхаар тохируулах, насанд хүрсэн хүн жолоодох, Е-Mongolia системээр нэвтэрсний үндсэн дээр түрээслэх боломжийг бүрдүүлсэн аж.

Үүний дараа Авлигатай Тэмцэх Газрын “Шийдвэр хянасан тухай” албан бичгээр дээрх зөвшөөрөл олгосон захирамж, зохицуулалтуудыг хүчингүй болгох тухай санал ирүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар “Мопед (скүүтэр болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамж болон 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ.