"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Эмээлт аж үйлдвэрийн паркийн талаар тодруулав. 

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд нийт 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж буй.

Тус паркийн дэд бүтцийн төслүүд болох дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийг барих тендерт БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China western Power Industrial Co., Ltd) түншлэл шалгарч, төлөөллүүд 2025 оны 12-р сарын 12-нд бүтээн байгуулалтын газар дээр шавыг тавиад байгаа юм. Уг төсөл хэрэгжсэнээр арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гэж мэдэгдээд байгаа билээ. 

Эмээлт аж үйлдвэрийн паркийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар "Улаанбаатар хотын суурьшлын бүс болох ХУД-ийн 20-р хорооны 30.25 га газарт арьс ширний үйлдвэрүүд төвлөрч, тус орчимд хөрсний бохирдол ихээр үүссэн тул зайлшгүй үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудал хөндөгдсөн. 

Үүнтэй холбоотойгоор Эмээлт аж үйлдвэрийн парк дэд бүтцийн ажлаа эхлүүлэхээр арьс ширний үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зэрэг явуулах зорилт тавьж байна. 

Одоогийн байдлаар 28 арьс ширний үйлдвэр ХУД-ийн 20-р хороонд байгаа. Үүнээс 8 арьс ширний үйлдвэртэй нэгжийн гэрээ болон газар ашиглах гэрээ байгуулсан. Махны чиглэлээр хоёр ААН, дайвар бүтээгдэхүүний чиглэлээр хоёр ААН, ноос ноолуурын чиглэлээр нэг үйлдвэр гэрээ байгуулан ажиллаж байна.

Манайд Хөгжлийн Банктай холбоотой асуудал байхгүй. Нийслэлийн төсвөөр явж байгаа. Нийт ₮475 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас ₮225 тэрбумыг нийслэлийн төсвөөр шийдвэрлээд үлдсэн ₮179 тэрбумын эх үүсвэрийг хаанаас шийдвэрлэх талаар нийслэлийн удирдлагууд болон салбарын яамтайгаа хамтарч ажиллаж байна. 

Анх 2022 онд нийслэлийн удирдлагууд 16 жил гацсан төслийг урагшлуулах хэрэгтэй байна гэх санал тавьснаар би энэ ажлыг авсан. Улмаар хогийн цэг байхаас нь эхлээд энэ 3-р улиралд цэвэрлэх байгууламж, дулааны станцын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж ажиллаж байна" гэв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав