“Хан Алтай Ресурс” ХХК нь 2025 оны шалгаруулалтаар ТОП 100 аж ахуйн нэгжийн 13 дугаар байрт эрэмбэлэгдэж, өмнөх оны 30 дугаар байрнаас 17 шат ахисан бахдам амжилтыг үзүүллээ. Энэхүү ахиц дэвшил нь компанийн тогтвортой өсөлт, хариуцлагатай уул уурхайн зарчимд суурилсан үйл ажиллагаа, инновац, бүтээмжийг эрхэмлэн, хүн төвт бодлогыг хэрэгжүүлэн ажилласны бодит илэрхийлэл юм.

Бид 2020 оноос Монгол Улсын баруун бүсэд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал болон бизнесийн ёс зүйг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

2025 онд “Хан Алтай Ресурс” ХХК байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, тоосжилтыг бууруулах эко шийдэл бүхий суурин бутлуурын үйлдвэрийг бүрэн ашиглалтад орууллаа. Түүнчлэн 6.4 км урт хүдэр тээвэрлэх туузан дамжуургын системийг нэвтрүүлснээр эрчим хүчний хэрэглээг бууруулж, нүүрстөрөгчийн ялгарал болон тоосжилтыг мэдэгдэхүйц багасган, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулсан томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүллээ.

Цаашид “Хан Алтай Ресурс” ХХК нь “Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээнэ” гэсэн эрхэм зорилгын хүрээнд инновац, бүтээмж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг тууштай хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг үргэлжлүүлэн нэвтрүүлэх болно.

Мөн Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн тэргүүлэгч гишүүн байгууллагын хувьд Хариуцлагатай уул уурхайн кодексийн хэрэгжилтийг манлайлан, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллах болно.

Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт Хан Алтайчууд, харилцагч, ханган нийлүүлэгч, түнш байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Илүү сайхан Монголын төлөө хамтдаа!