Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

Улмаар Ардчилсан намын бүлгийн завсарлага өнөөдөр дуусаж, дахин сунгах хүсэлт гаргасан боловч УИХ-ын дарга татгалзав. Үргэлжлүүлэн М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох нууц санал хураалт явуулахад 91 гишүүн оролцож, 77 нь дэмжсэнээр УИХ-ын тогтоол батлагдлаа.

Ийнхүү УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо. 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Энхболдын Анар нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол: 

  • 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 2001-2004 онд Япон улсын Хакуо ахлах сургууль,
  • 2004-2008 онд Япон улсын Хакуо их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль,
  • 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. 

Ажлын туршлага:

  • 2011-2013 онд Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн,
  • 2013-2016 онд Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч,
  • 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал,
  • 2017-2026 онд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар,
  • 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус тус ажилласан.