- МИАТ ТӨХК отмечает 70-летие
- за 70 лет перевезено 25.7 млн пассажиров
- компания выполняет рейсы по 14 международным и 10 внутренним направлениям
- выпущена памятная почтовая марка
- сотрудники награждены государственными наградами
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойн баяр тохиож байна.
Түүхт ойг тохиолдуулан нисэхийн салбарт хүчин зүтгэж байсан үе үеийн ахмад ажилчдаа хүндэтгэж, ололт амжилт, цаашдын зорилго зорилтоо хэлэлцэн, өнгөрсөн 70 жилийн хөдөлмөр зүтгэлээ дүгнэсэн баярын хурлыг зохион байгууллаа.
Баярын хурлын нээлтэд ЗТЯ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, ТӨХ-ны дарга Б.Цэнгэл, авиа компаниудын төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнаж урамшууллаа.
"Аюулгүй байдлыг эрхэмлэж, өргөжин тэлэх нь эрхэм зорилго"
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ "Өнөөдөр дан ганц МИАТ компани бус Монгол Улсад иргэний агаарын тээвэр үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байна.
Нисэхийн салбарын бүх ажилтан, албан хаагч, ахмад буурлуудын маань баярын өдөр. МИАТ компани төдийгөөс өдий хүртэл үйл ажиллагаа явуулж өргөжин тэлэхэд итгэлт түншүүд, харилцагч, зорчигчид болон дотоод, гадаадын хамтрагч байгууллагуудын хүч хөдөлмөр шингэсэн.
Эдгээр харилцагч хамтрагч байгууллагууддаа ойн баярын мэнд хүргэе.
70 жилийн түүхт ойн баярыг мөнхөлж МИАТ компанийн дурсгалын шуудангийн маркийг нээсэн. Өнөөдрөөс шуудангийн марк маань худалдаанд гарч байгаа. Тухайн шуудангийн марк Монгол шуудан компаниар дамжин дэлхийн 192 улсад очих бололцоотой болж буй. МИАТ компанийн онгоц ирээдүйд тэдгээр улс орнууд руу нислэгтэй болохыг бэлгэшээж энэхүү маркийг гаргалаа" хэмээв.
Үргэлжлүүлэн "Бид олон улсын 14, дотоодын 10 чиглэлд нислэг үйлдэж байна. Ирээдүйд нислэгээ өргөжүүлэн тэлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Цаашдаа олон улсын авиа компани олон улсын иргэний агаарын тээврийн нэг хэсэг болж, бүс нутагтаа танигдаж өргөжин тэлэх бодлогыг баримталж байна.
Дан ганц дотоодын зах зээл гэлтгүй гадаадын зах зээл рүү орж ажиллах, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит урсгалыг нэмэгдүүлэх буюу зах зээлээ тэлэх зорилготой.
МИАТ компанийн хамт олон аюулгүй байдлыг эрхэмлэсэн, дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсэн, тодорхой инновац болон техникийн дэвшилд суурилсан, өрсөлдөх чадвартай олон улсын байгууллага болохоор зорин ажиллаж байна" гэдгийг хэллээ.
"Өнгөрсөн 70 жилийн хугацаанд 25.7 сая зорчигчийг аюулгүй, найдвартай тээвэрлэжээ"
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ "1956 оны долоодугаар сарын 7-нд орон нутагт анхны нислэгээ үйлдэж эхэлсэн МИАТ өнөөдөр Монгол Улсын үндэсний агаарын тээврийн салбарыг манлайлагч компани болон хөгжиж, 10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд нийт 25.7 сая зорчигчийг аюулгүй, найдвартай тээвэрлэж, дэлхийг 14.7 мянга гаруй удаа тойрохтой дүйцэх замыг туулсан нь Монголын иргэний нисэхийн салбарын хөгжил, хамт олны ур чадвар, хичээл зүтгэлийн тод илэрхийлэл юм" хэмээн онцлоод салбарын хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
"Улам дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөе"
Ахмад нисгэгч Н.Жаргалсайхан "Би 1970 онд Батлан хамгаалах яамны тусгай нисэх ангиас ажлын гараагаа эхэлж байсан. 1989 оны өөрчлөн байгуулалтаар тусгай нисэх анги Иргэний агаарын тээвэрт шилжсэн байдаг.
Иргэний агаарын тээвэрт орж ажиллаад Бээжин-Улаанбаатар хот хооронд ачаа тээврийн нислэгт нэлээд явсан. Анх онгоцны моторчин, техникч, дараа нь нисгэгч, нисэх багийн даргаар ажиллаж явсан.
Нисэхийн салбарын 70 жилийн ойгоороо алтан гадас одон хүртсэндээ баяртай байна. Мөр зэрэгцэн ажиллаж явсан ахмадууд болон одоо ажиллаж буй залуустаа улам их амжилтыг хүсье.
Мөнгөн цагаан хөлгийн эзэд билээ.
Шинэ залуу боловсон хүчнийг улам дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөе" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Бүхээгийн ахлахын орлогч Д.Заяасайхан "МИАТ компанийн бүхээгийн хэлтэст 13 дахь жилдээ ажиллаж байна.
Саяхан Дубайн чиглэлд тусгай үүргийн нислэгт баг хамт олноороо амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн. Өнөөдөр компанийнхаа ойн баярын арга хэмжээнд хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсандаа маш их баяртай байна" гэлээ.
"Нисгэгчийн ажилд муухай зүйл үгүй, бүгд сайхан"
Нисгэгч Б.Ганпүрэв "Иргэний нисэхийн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна. Нисгэгчийн ажилд муухай зүйл үгүй, бүгд сайхан. Хүүхэд байх цагаасаа хүсэж мөрөөдсөн ажил мэргэжлээ эзэмшсэн.
Цаашид салбартаа олон жил аюулгүй тээвэр үйлдэх зорилготой. Өнөөдөр компанийнхаа 70 жилийн ойн баярт хүндэт медалиар шагнуулсандаа маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
ФОТО:
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх