Тэрбээр "Нийслэлчүүд хотын даргыг тансаглал багатай байхад дуртай байдаг. Өөрийгөө тансаглалаас холуур авч явах ёстой гэж зөвлөмөөр байна. Нийслэлийнхний итгэлийг авна гэдэг амар ажил биш, авч чадахгүй бол өөрийнхөө ирээдүйг хүнд байдалд оруулна гэдгийг энэ залуу ойлгож байгаа байх. 

2016 оны сонгуульд ялсны дараа МАН-ынхан бидний хийж байсан бүх ажлыг зогсоосон. Ийм байхад Х.Нямбаатар гарч ирээд метро, гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр явсан. Гэхдээ маш их хичээл зүтгэл байгаа нь үнэн боловч хот байгуулалтын асуудалд мэдлэг муутай хандсан. 

Нэг жишээ хэлэхэд Сэлбэ төв дээр баригдаж орон сууцны хороолол Улаанбаатар хотыг маш том гамшгийн бүс болгоно. Уг нь нам давхрын орон сууцны бүс байсан. Хандгайт хүртэл явж буй зуслангийн бүсийг орон сууцны хорооллууд гамшгийн бүс болгоно. Хот байгуулалтын төлөвлөгөөг ойлгоогүй их зүтгэсэн. 

Яармагийн газрыг янз бүрийн аргаар авсан хүмүүсийн бизнесийг дэмжих гэж хотын захиргааг Яармаг руу явуулсан нь маш хортой. Яармаг одоо тэг зогсолтын бүс болсон. Уг нь хотын захиргааг Баянхошууд тавихаар бид төлөвлөсөн байсан. 

Мөн Х.Нямбаатарыг огцруулсан асуудал дээр маш ноцтой зүйл харагдлаа. Улаанбаатарчуудын өөрөө өөрийгөө удирдах ёс байхгүй болсон. Одоо бол Улаанбаатар хотын удирдлагыг хотын иргэд сонгохоо больсон гэсэн үг. Нутгийн өөрөө удирдах ёсыг устгалаа. Яг ингэж өөртөө гай тарих ажлыг хийсэн хүмүүс бол Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар.

МАН 2022 онд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад нийслэлийн засаг даргыг огцруулах, томилох эрхийг өгсөн. Энэ бол НИТХ онцгой бүрэн эрхийн асуудал байсан. Ерөнхий сайдад огцруулах эрх байгаагүй. Огцруулах саналыг зөвхөн Иргэдийн хуралд оруулдаг. НИТХ-ын төлөөлөгчид шийддэг байсныг 2022 оны хуулийн өөрчлөлтөөр Улаанбаатар хотын даргыг шууд Ерөнхий сайдын мэдэлд өгсөн. 

Улаанбаатар хот одоо агентлаг болчихлоо. Ерөнхий сайд нийслэлийг хэн удирдахыг шийддэг. Одоо бол Улаанбаатарт гарч буй бүх асуудлыг Б.Пүрэвдагва биш Н.Учрал хариуцна. Улаанбаатар хотын түгжрэл, бохир цэвэр, хог хаягдлын асуудлыг Н.Учрал хариуцна. 

Б.Пүрэвдагва бол улаанбаатарчуудын сонгосон хүн биш. Н.Учрал томилсон учраас бүх хариуцлагыг нь хүлээнэ. Улаанбаатар хотод ямар нэгэн юм болбол Н.Учралтай хариуцлага тооцно" гэв.