БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдтэй холбоотой 2025 оны мэдээллээс үзэхэд нийт 1,396 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна. Гэмт хэргийн статистик үзүүлэлтээс харахад нийт гэмт хэргийн 70 орчим хувийг дөрвөн төрлийн гэмт хэрэг эзэлж буй. 

Тодруулбал:

  • 30 хувь нь танхайрах болон бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг;
  • 24.7 хувь нь зам тээврийн осол гаргах, жолоочийн эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох, жолооны үнэмлэхний ангилал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой гэмт хэрэг;
  • 12.3 хувь нь хулгайн гэмт хэрэг;
  • 7.6 хувь нь залилах төрлийн гэмт хэрэг;
  • 2.6 хувь нь хүчингийн хэрэг;
  • 0.4 хувь нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг эзэлж байна.

Монгол Улсын иргэдтэй холбоотой нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг танхайрах төрлийн хэрэг эзэлж байна

БНСУ-д бүртгэгдэж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь танхайрах төрлийн гэмт хэрэг байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь харилцан зодолдох, бусдын биед халдах, гэмтэл учруулах, нийтийн өмчид халдах, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зэрэг хэлбэрээр үйлдэгдсэн аж.

Өдөр тутмын амьдралд гарч болох үл ойлголцол, архидан согтууралт, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, бусдын эд хөрөнгөд халдах зэрэг үйлдлүүд нь эрүүгийн хариуцлага хүлээхэд хүргэж буй. Үүний улмаас олон залуус хүний нутагт хорих ял эдэлж, өөрийн болон гэр бүлийнхээ амьдралд хүнд нөхцөл байдал үүсгэх тохиолдол гарсаар байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулсаар байгаа юм. 

Иймд БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийг тухайн улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх, архидан согтуурах үедээ бусадтай маргалдах, хүч хэрэглэсэн үйлдэл гаргахаас зайлсхийх, замын хөдөлгөөний дүрмийг сахих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдын эд хөрөнгөд халдахгүй байх, аливаа төрлийн залилан, хар тамхи болон бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч буй иргэн бүр Монгол Улсын нэр хүндийг төлөөлж байдгийг ухамсарлан, хариуцлагатай, хууль дээдэлсэн иргэн байхыг уриалъя.