- Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд 50 км урт идэвхтэй хагарал илрүүлсэн.
- 2000-2025 онд Улаанбаатар орчимд 19,000 газар хөдлөлт бүртгэгдсэн.
- 2026 онд 165 газар хөдлөлт болсноос хамгийн хүчтэй нь 3.5 магнитуд.
- Одоогоор хотод 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлтийг мэдрэх 4 станц ажиллаж байна.
- Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 10 станц болгох шийдвэр гаргасан.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатарын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол орны 19 аймгийн нутаг дэвсгэрийн 68 байршилд газар хөдлөлт бүртгэх 130, хөрсний хурдатгал хэмжигч 34, амжиж анхааруулах 12 системийн станц ажилладаг байна.
Улаанбаатар хот орчимд 2000-2025 онд нийт 19,000 газар хөдлөлт бүртгэгдсэн бол 2026 он гарсаар хот орчмын бүс нутагт нийт 165 газар хөдлөлт болсноос хамгийн хүчтэй нь 3.5 магнитуд бүртгэгджээ.
ОБЕГ, Японы “Жайка” байгууллагатай хамтран 2017 оноос хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсад ажилласан Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр урт хагарал илрүүлсэн байна. Одоогоор хот орчмын бүсэд энэ хагарлын нөлөө мэдрэгдээгүй ч нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ.
Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах систем бүрдүүлж, гурван үе шаттай дамжуулдаг бөгөөд “EQ info” аппликэйшнээр газар хөдлөлтийн мэдээллийг шуурхай авч, тухайн газрынхаа чичирхийллийг үнэлэх боломжтой байна.
“Одоогоор Улаанбаатарт 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлтийг мэдрэх 4 станц ажиллаж байна. Цаашид хөрсний хурдатгал бичигч энэхүү станцыг 10 болгох шаардлагатай”-г тэрбээр хэлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Ч.Одонбаатар захирлын хэлсэн 10 станцын хөрөнгийг төсөвт суулгах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий