Эхний 30 сонголтоос Доминикан, АНУ-ын хос иргэншилтэй Яаксел Лендеборг №11-ээр "Голден Стэйт Уорриорс"-т очсон. Харин Испанийн Адай Мара №12-оор "Оклахома Сити Тандер"-ын бүрэлдэхүүнд багтав. Германы Ханнес Стейнбах, Кристиан Андерсон, Мексикийн Карим Лопез, Испанийн Серхио де Ларе нар эхний бүсээс сонгогдсон юм.
Тэгвэл хоёрдугаар тойргоос Испанийн Баба Миллер, Германы Жак Каил, Израилийн Иммануэль Шарп, Нигерийн Феликс Окпара, Угонна Оненсо Их Британийн Тоби Лаваль, Эстонийн Хенри Веесаар, ОХУ-ын Всеволод Ишенко, Францын Нарцисс Нгоя, Тринидад ба Тобагогийн Малик Льюс нар NBA-д хөл тавилаа.
Хэдийгээр драфтаар сонгогдоогүй ч Ш.Энхийн-Одын хувьд мэргэжлийн тамирчин болох замнал нь дөнгөж эхэлж байна.
Зуны лиг
Юуны өмнө Ш.Энхийн-Од сонгогдоогүй учраас Undrafted Free Agent статустай болно. Драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй чөлөөт тоглогчид гэсэн үг. Лигийн аль ч багуудын хараанд өртөж чадвал гэрээ байгуулах боломжтой. Эсвэл өөр мэргэжлийн лигээс санал ирвэл хүлээж авах боломж бий.
Мөн шинэ тоглогчдын зуны бэлтгэлийн баазад уригдах, зуны лигт тоглосноор өөрийгөө бусад багийн шинжээчдэд харуулж болно.
NBA-гийн Summer League буюу зуны лиг ирэх долдугаар сарын 9-нөөс 19-ныг дуустал АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болох аж. Үүнээс өмнө долдугаар сарын эхээр Калифорни Классик, Солт Лэйк Ситигийн зуны лиг явагдана.
Зуны лигт баг тус бүр багадаа таван тоглолт хийнэ. Шинэ тоглогчид болон туршлага багатай залуус, драфтаар сонгогдож чадаагүй тамирчдыг бүрэлдэхүүндээ багтаасан багууд өрсөлдөх юм.
G League
NBA-гийн Хөгжлийн лигт 31 баг бий. АНУ-аас 29, Мексик болон Канадаас тус бүр нэг баг данстай. Хамгийн анх комиссар Дэвид Стерн шинэ зууны эхээр санааг нь гаргаад 2001 онд эхний улирлаа явуулж байв. Хожим 2017 оноос Gatorade спорт ундааны компанитай хамтрах болсноор нэрээ G League болгожээ.
Энэ лигийн багуудын 30 нь NBA-гийн багийн харьяанд байдаг бол ганцхан Мексикийн баг л тусдаа үйл ажиллагаатай. Нэг багийн бүрэлдэхүүнд 13 тоглогч байдгаас 10 нь албан ёсны гэрээ байгуулаагүй тоглогчид байх бол хоёр нь NBA-гийн гэрээтэй тоглогч байж болдог. Шинэ тоглогчдод туршлага хуримтлуулах, үндсэн багтаа хангалттай минут олдохгүй байгаа болон гэмтлээс дөнгөж эргэн ирсэн тоглогчдод талбайд гарах боломж олгодог юм.
2017 оноос NBA-д хоёр талт гэрээний дүрэм үйлчилж эхэлснээр Хөгжлийн лигийн тоглогчдод бас нэгэн боломж нэмэгдсэн. Ингэснээр багууд ихэнх тохиолдолд гэмтлийн улмаас үндсэн тоглогчид нь тоглох боломжгүй үед ийм гэрээгээр хоёр тоглогч бүрэлдэхүүндээ авах боломжтой.
Хөгжлийн лигээс үндсэн багийн тоглогч болох гараагаа эхлүүлсэн тамирчид цөөнгүй. Аарон Брүүкс, Рүди Гобер, Бобби Симмонс, Паскал Сиакам зэрэг тоглогчдыг нэрлэж болно. АНУ-д төрж өссөн ч Тайвань гаралтай Жэрэми Лин Харвардын их сургуульд дөрвөн жил тоглосныхоо дараа NBA-гийн драфтад нэрээ өгөөд сонгогдоогүй. Лин Хөгжлийн лигээс NBA-д хөл тавьж, 2019 онд лигийн аварга болсон түүхтэй.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий