Тус бохир ус цэвэрлэх байгууламж нь паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс үүсэх үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах орон сууц, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай бие даасан байгууламж аж.

Үйлдвэрийн бохир усанд агуулагдах органик болон химийн бохирдуулагч бодисуудыг олон шатлалт технологийн шийдлээр цэвэрлэн, цэвэршүүлсэн усыг Монгол Улсын MNS 4943:2015 стандартын шаардлагад нийцүүлэн байгальд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Тус байгууламжийн онцлох технологийн шийдэл нь ахуйн бохир ус, үйлдвэрийн бохир ус болон хром агуулсан бохир усыг тус тусад нь хүлээн авч, гурван бие даасан шугамаар боловсруулан цэвэрлэх системтэй юм. Цэвэрлэгээний технологи нь механик болон химийн урьдчилсан цэвэрлэгээ, 6 үе шатны шинэ технологийн процесс бүхий биологийн цэвэрлэгээний системтэй, химийн хэрэгцээт хүчилтөрөгч (COD)-ийг бууруулах озонжуулалтын технологи, хэт ягаан туяагаар ариутгах, халдваргүйжүүлэх систем, мөн аваарын нөөц сантайгаар төлөвлөгдсөн орчин үеийн иж бүрэн шийдэлтэй байна.

Түүнчлэн лаг усгүйжүүлэх байгууламжтай бөгөөд боловсруулалтын дараах лагийн чийгшил 70-80 хувь байхаар тооцоологдсон нь лагийг цаашид тээвэрлэх, боловсруулах ажиллагааг илүү үр ашигтай болгоно.

Эко аж үйлдвэрийн паркийн бохир ус цэвэрлэх байгууламжийг цаашид 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтой бөгөөд нийт цэвэрлэх бохир усны 63 хувь нь үйлдвэрийн, 37 хувь нь ахуйн бохир ус байхаар тооцоолжээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2028 онд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж, нийслэлийн төсвөөс нийт ₮224.6 тэрбумыг зарцуулахаар баталснаас энэ онд ₮50 тэрбумыг тусгасан байна.