Тодруулбал нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг тогтмол усалж, чийгшүүлэх, улиасны унгарилыг бууруулах ажлын хүрээнд есөн дүүргийн 183 байршил дахь нийт 16,394 улиасанд хэлбэржүүлэлт хийж, 11,000 модыг даралтат усаар шүршин унгарилыг нь унагасан байна.
Үер, усны аюул, гамшиг, гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 311 алба хаагч, 119 нэгж техник, тоног төхөөрөмжийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд license.mn зөвшөөрлийн цахим системээр худалдаа, үйлчилгээний 10 төрлийн 100 бизнесийн бүртгэлийг нэгдсэн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1,196 мэдэгдлийг шийдвэрлэсэн байна.
Ногоон нуур орчмын орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 422,510 ам метр талбайг цэвэрлэж, 231 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, 12,320 урт метр үерийн далан, суваг шуудуу, инженерийн байгууламжийг цэвэрлэж, 53 тонн лаг, хог хаягдлыг зайлуулжээ.
2026 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан "Нийслэлийн хэмжээнд нийт 622 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 566 нь барилга угсралтын ажил бөгөөд 395 нь он дамжин хэрэгжиж буй төсөл юм.
Харин 2026 онд шинээр 171 төсөл хэрэгжиж байна. Үүнд 141 барилга байгууламж, 68 тохижилтын ажил, 13 гэрэлтүүлгийн ажил, гэр хорооллын төлөвлөлтийн 24 ажил багтаж байна.
Мөн газрын маргаантай долоо, шүүхийн маргаантай 16, нэмэлт хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай 36 төсөл байгаа" гэв.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга Б.Пүрэвдагва:
- Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн өвлийн бэлэн байдлыг шалгаж, эрсдэлийг урьдчилан тооцон хяналтыг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангах, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан хяналт шалгалт хийх
- Зам засвар, шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгах
- Галлагааны улирлын сайжруулсан түлшний нөөц, түгээлтийн график төлөвлөгөөг боловсруулах
- Явган хүний болон дугуйн замын ажлыг авто замын бүтээн байгуулалттай уялдуулан зохион байгуулж, ашиглалтын шаардлага хангасан замыг шаардлагагүйгээр хуулахгүй байх
- "Хотхоны бага сургууль" төслийг эрчимжүүлж, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
- Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд анхаарах
- "Шарилжгүй Улаанбаатар" аяныг эхлүүлж, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх
- ТҮЦ-тэй холбоотой асуудлыг төрийн бус байгууллагуудтай хамтран цогцоор нь шийдвэрлэж, цэгцлэх чиглэлээр ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий