Тэрбээр “Бидний үр хойчийн хувь заяаг мөнгөөр наймаалцаж байгаа үйл явц Төрийн ордонд болж байна. Энэ асуудлыг дэлгэж, нээлттэй яръя.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаална гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувиар, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Гэтэл Төрийн ордонд үүнтэй холбоотой эмгэнэлтэй зүйл болоод байна.

Мөнгөнөөс болж ирээдүй хойчийн асуудал, шударга ёс, шинжлэх ухаан хоосон зүйл болдог юм байна. Өнөөдөр тамхины бизнесийн нам дамнасан бүлэглэл бий болсон нь тодорхой боллоо. Монголд тамхины бизнес эрхэлдэг томоохон гурван компани л байдаг. Янжуур тамхины “Алтан гадас”, “Волтам”, электрон тамхи оруулж ирдэг “Электон ганжет", “Цахиур” гэдэг холбоо хамаарал бүхий компаниуд байдаг.

Энэ хүмүүс ашиг сонирхлоо хамгаалж, борлуулалтаа багасгахгүй, сүлжээгээ тэлэхийн тулд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүйгээр, гар хөлөө Төрийн ордонд шургуулж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах хуулийг гацаах, бусниулах үйл ажиллагааг нам дамнасан бүлэглэлээрээ дамжуулан хийж байна.

Бүгд мэддэг ч мэдэхгүй юм шиг царайлж хуулиа өөрчилж чадахгүй гурван парламент дамжиж байгаагийн шалтгаан нь мөнгө. Энэ бол жилийн 800 тэрбум төгрөгийн зах зээл. Үүнийгээ 1,5 их наяд төгрөг хүргэх зорилго л тамхины компаниуд болон түүний гар хөл болсон төрийн түшээдэд байна. Эдгээр компаниудыг онилсон хэрэглэгч нь хүүхэд, өсвөр үеийнхэн байдаг.

Би өнөөдөр үнэхээр гутарч байна. Хууль боловсруулахад гарын үсэг зурсан гишүүд маань 180 градус эргэж байгааг харж байна. Ажлын хэсэгт оръё гэж ажлын хэсгийн гишүүн болчхоод ажил гацааж байна. Хуулийн төслийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээс ганц хоёрхон хоногийн өмнө ажлын хэсэгт зорилготой хүмүүс оруулж, ажлыг бусниулж байна. Хуулийн төслийг гацаах ажлыг шат бүрдээ хийж байна.

Тамхины компаниудын төлөөлөл гишүүн болгон өрөөгөөр орж байна.

Энэ хуулийг ярьж эхэлснээс хойш Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр улаан цагаандаа гарч Тамхины тухай хуульд ийм өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайдад өгч байна.

Тамхи оруулж ирдэг компаниудын татвар бууруул гэдэг шаардлага Ж.Энхбаяр сайдын албан бичгээр төрийн бодлого болох гэж байна.

Ж.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа Евразийн худалдааны түр хэлэлцээрт тамхи оруулж болно гэдэг зөвшөөрөл өгөөд янжуур тамхины гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн. Тухайн үед Онцгой албан татвараар нөхчихнө гэдэг үлгэр ярьж байсан.

Дараа нь Эдийн засаг хөгжлийн сайд болсон ч “Тамхины татвар миний асуудал биш. Сангийн яамтай ярь” гэдэг шалтаг хэлж, гацаасан.

Засгийн газраар Евразийн хэлэлцээрт тамхины татварыг тэглэсэн асуудлыг засах асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Гэтэл Ж.Энхбаяр сайд тамхитай холбоотой тооцооллыг хийж Сангийн яам руу өгсөн байна. Энэ тооцооллоор бүх төрлийн тамхийг татваргүй болгоё гэж байгаа юм байна. Энэ албан бичиг дээрх тооцоолол бол тэр чигтээ тамхины компаниудын байр суурь.

Энэ хуулийн гол зорилго бол маш хямд болчхоод байгаа янжуур тамхины онцгой албан татварыг дорвитой нэмж, тамхины хэрэглээг бууруулах юм.

Гэтэл янжуур тамхинаас гадна гоё үнэр, амттай электрон тамхи ч хямд байх ёстой гэдэг асуудал ярьж эхлээд байна" гэв. 

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярын албан бичиг